Хималайн нурууны мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлж болзошгүй байна.

Хималайн нурууны мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлж болзошгүй байна.

Дэлхийн дулаарлын улмаас энэ зууны эцэс гэхэд Хималайн нурууны мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлж болзошгүй байна. Мөсөн голууд хайлснаар энэхүү уулархаг бүс нутагт амьдардаг 240 сая хүн усны хомсдолд орж, үер усны аюул нүүрлэх эрсдэлтэй байгааг шинэ тайланд дурджээ.

Эверест, К2 зэрэг алдартай оргилууд орших тус бүс нутагт мөсөн голууд хурдацтай хайлж байгааг олон улсын эрдэмтдийн баг тогтоожээ. Катманду хотноо төвтэй бүс нутгийн засгийн газар хоорондын шинжлэх ухааны байгууллага болох "Уулын бүсийн нэгдсэн хөгжлийн олон улсын төв"-ийн (“ICIMOD”) судалгаагаар, 2010-2020 онд мөсөн голууд өмнөх арван жилийнхээс 65 хувиар илүү түргэн хайлсан байна.

"Мөсөн голууд маань хайлж байна. Бид мөсөн голуудаа 100 жилийн дараа бүрэн алдана" гэж уг судалгааны багийн  ахлагч, “ICIMOD”-ийн  байгаль орчны судлаач Филиппус Вестер хэлжээ.

Хималайн нуруу нь Афганистан, Балба, Бангладеш, Бутан, Мьянмар, Пакистан, Хятад, Энэтхэг улсын нутаг дэвсгэрийг дамжин 3500 км үргэлжилдэг.

Аж үйлдвэржилтийн эриний өмнөх үеийн агаарын температураас Цельсийн 1.5  буюу 2 хэмээр дулаарвал,  2100 он гэхэд тус бүс нутгийн мөсөн голуудын 30-50 хувь нь хайлна гэж тайланд тэмдэглэжээ.

Гэхдээ мөсөн голуудын хайлах явц тэдгээрийн газар зүйн байршлаас хамаарна. Агаарын температур Цельсийн 3 хэмээр дулаарвал Балба, Бутан зэрэг Зүүн Гималайн мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлна. Хэрэв 4 хэмээр дулаарвал энэ үзүүлэлт 80 хүртэл хувь болж нэмэгдэх аж.

Цаг уурын өөрчлөлт Хималайн нуруунд хэрхэн нөлөөлж байгааг тогтооход эрдэмтэд бэрхшээлтэй тулгарч байжээ. Европын Альпийн нуруу болон Хойд Америкийн чулуурхаг уул нуруудаас ялгаатай нь энэ бүс нутагт мөсөн гол нэмэгдэж байна уу, багасаж байна уу гэдгийг илтгэх хэмжилтийн түүхэн бүртгэл баримт дутагддаг байна.

1970 оноос хойших АНУ-ын тагнуулын хиймэл дагуулын авсан тус бүс нутгийн мөсөн голуудын зургийг 2019 онд нууцын зэрэглэлээс гаргаснаар шинжлэх ухааны судалгааны шинэ суурь үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна, сүүлийн таван жилд хиймэл дагуулын технологийн ахиц дэвшил, мөн бүс нутгийн хэмжээнд хийж буй газар дээр нь хийсэн бодит хэмжилтийг бүртгэлжүүлэх хүчин чармайлтын үр дүнд мөсөн голуудын өөрчлөлтүүдийн талаарх эрдэмтдийн ойлголт тодорхой болсон байна. Дээр дурдсан тайланд 2022 оны 12 дугаар сар хүртэлх мэдээллийг ашиглажээ.

Эх сурвалж https://montsame.mn/mn/read/321736

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хиймэл оюун ухааны "загалмайлсан эцэг" Жеффри Хинтон ирээдүйд болзошгүй аюулыг сэрэмжлүүлэв. 2023-05-11

Хятад улс Ковид-19-ийн эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. 2023-05-11

ДЭМБ: “COVID -19”-өөс аюултай шинэ цар тахалд бэлэн байхыг уриалжээ 2023-05-26

“Titan” шумбагч аппаратыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 2023-06-21

“Alibaba” компани удирдлагын түвшинд өөрчлөлт хийсэн 2023-06-22

Хималайн нурууны мөсөн голуудын 75 хүртэлх хувь нь хайлж болзошгүй байна. 2023-06-22

Сураггүй болсон “Титан” шумбагч сүйрсэн болохыг тогтоожээ 2023-06-23

Дэлхий ирэх таван жилд цаг уурын эгзэгтэй босгыг давах хандлагатай байна 2023-07-18

Илон Маск, Марк Цукербергтэй тулаанаа Эртний Ромын алдарт Колизейд хийхээр төлөвлөөд байна  2023-08-16

Японы банк хоорондын дотоод шилжүүлгийн “Zengin” систем доголдов. 2023-10-10

“Аялал жуулчлалын шилдэг орнууд” ангиллын нэгдүгээрт Монгол Улс жагсжээ. 2023-11-03