Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив.
Тэрбээр хэлэхдээ, нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаас арилжаалж, 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар НИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард батлаад байсан юм.
Гэвч СЗХ-ноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор 2023 оны төсвийн орлого буурч, төсөв алдагдалай болох нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн төсвийг тодотгох шаардлага үүсээд байгааг тэмдэглэн хэлэв. Гэхдээ нийслэлийн төсвийн орлогын хүлээж буй гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн 2023 оны төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байхаар тооцжээ.
Харин урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтын зардлаас 15.1 тэрбум төгрөг, нийт 42.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Үүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эх үүсвэр, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлыг санхүүжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Төсвийн тодотголоор тодорхойгүй байгаа орлогын эх үүсвэрийг тодорхойлно. Он дуусах дөхсөн учир шинээр ажил, арга хэмжээ төлөвлөхөөс илүүтэй дуусаагүй ажлуудаа гүйцээхэд анхаарах хэрэгтэй байна” гэв. Мөн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотойгоор хэрэгжүүлэх томоохон ажлуудын хөрс суурийг бэлдэхэд чиглэх хэрэгтэй гэсэн юм. Дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хэлэлцэх юм. Төсвийн тодотголын төслийг өргөн барихад НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат болон хурал дахь 3 намын бүлгийн дарга нар байлцлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.