Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нь Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа. Эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэнд нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэн ерөөв. Мөн цэрэг дайчдын найдвартай ар тал болсон эцэг, эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлан дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхтэй оролцож, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.