Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүллээ.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго юм.

Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, нийт 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар тусгасан байна. Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ. Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээнэ. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулна.

Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 1, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 1 байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн болохыг Б.Энхбаяр сайд УИХ-ын даргад танилцуулсан.

Одоо байгаа 21 аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгав. Ингэснээр 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй болох аж. Харин одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Ингэснээр анхан шатны 90 шүүх 61 болох аж. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх 86 болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг  тус тус боловсруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. 2023-11-22

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал явагдаж байна 2023-11-22

10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. 2023-11-22

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүгийг хүлээн авч уулзлаа 2023-11-23

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав 2023-11-23

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2023-11-23

Снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчин боллоо 2023-11-24

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дархан хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна 2023-11-25

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдана 2023-11-27

О.Цогтгэрэл: Өнөөгийн эрх баригчид ковидын сонсгол явуулах хүсэлгүй байна. 2023-11-27

Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа 2023-11-28