БНСУ-ын "KOREAN SECURITIES DEPOSITORY" -д албан уулзалт хийлээ
2023 оны 11 дүгээр сарын 30 -ны өдөр Монголын “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК нь БНСУ-ын “Korean Securities Depository” буюу Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжид зочлон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд туршлага солилцох, Солонгос улсын үнэт цаасны зах зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг судлах зорилгоор албан уулзалт хийлээ.
Тус уулзалт БНСУ-ын “KSD” байгууллагын Сөүл хот дахь салбар оффист зохион байгуулагдсан ба Монгол улсын, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Сангийн яамны, Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга Ч.Тавинжил, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК -н гүйцэтгэх захирал М.Энхсайхан, Гадаад харилцааны ахлах менежер Х.Баттулга, Маркетингийн менежер Г.Билэг-Ариун нар оролцлоо. Солонгосын үнэт цаасны хадгаламжийн байгууллага /KSD/-г төлөөлж Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн ТУЗ-н дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Soonho Lee , Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн Глобал Хамтын ажиллагааны хэлтсийн захирал Joonghoon(Leslie) Park , Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн Үйлчилгээний Хэлтсийн удирдах захирал Eujin Kwon, Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн Хамтын ажиллагааны хэлтсийн менежер John Oh нар оролцлоо.
Уулзалт БНСУ-ын Үнэт Цаасны Хадгаламжийн төвийн талаар танилцуулснаар эхэлсэн бөгөөд Солонгос улсын үнэт цаасны хадгаламжийн төвийн /KSD/ нийт хувьцааны 70% -г БНСУ-ын Хөрөнгийн бирж нь эзэмшдэг, 30% -г Хөрөнгө оруулалтын банк, Хөрөнгө оруулалтын сангууд, Үнэт Цаасны Компаниуд зэрэг Санхүүгийн томоохон институци байгууллагууд нь эзэмшдэг зэргийг танилцуулав. Бусан хотод төв оффистой Сөүл хотод салбар оффис нь байрладаг зэрэг компанийн бүтэц зохион байгуулалтын талаар мөн товч танилцуулга хийсэн. Уулзалтын үеэр хоёр орны үнэт цаасны хадгаламжийн байгууллагуудын ойрын хугацаанд хийгдэх ажил системийн шинэчлэл одоогийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, хоёр улсын үнэт цаасны зах зээл харилцан адилгүй, хөгжлийн хувьд ялгаатай байгаа тул манай улс илүү туршлага судлах зорилготой асуултууд асуув.
Тухайлбал E-Voting /санал хураалтын систем/ системийг монголд нэвтрүүлж болох эсэх, Солонгос улсын хөрөнгийн зах зээлд шинээр гарах гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрүүлэн асууж нээлттэй ярилцсаны үр дүнд хоёр шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулсан юм. Үүнд Euroclear, Clearstream буюу Европын төвлөрсөн хадгаламжийн байгууллага Treasury bond-г биржийн бусаар хадгаламжийн төв дээр бүртгэн арилжаалахад omnibus account ашиглах, мөн Fundnet буюу Хөрөнгө оруулалтын сангийн платформын талаар товч танилцуулж, Үнэт цаас барьцаалсан зээлийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг тодруулан асууж мэдээлэл авав.
Уулзалтын төгсгөлд “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК-н гүйцэтгэх захирал М.Энхсайхан Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны үнэт цаасны хадгаламжийн байгууллагуудын хооронд ажилтнуудыг солилцох, туршлага судлуулах зорилгоор Монголоос мэргэжилтэн бэлдүүлэх, Солонгос улсаас мэргэжилтэн Монголд ажиллуулах боломжтой эсэхийг асуусанд Солонгосын талаас нээлттэй, боломжтой гэдэг байр суурийг илэрхийлэв. E-Voting системийг монголд нэвтрүүлэх тал дээр судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлснийг дуулгахад таатай байна. Энэхүү уулзалт Хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй болсонд талууд бүгд талархал илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
Та доорхи холбоосуудаар хандан цахим хуудсуудаар зочлон сонирхоорой...
-БНСУ-ын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллага/KSD/
https://www.ksd.or.kr/en/#about-ksd
-БНСУ-ын Хөрөнгийн бирж/KRX/
https://global.krx.co.kr/main/main.jsp
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.