Ч.Хүрэлбаатар: Х.Баттулгын найм дахь хориг нь ирж байх шиг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2024.01.10/ Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж, мэдээлэл хийсэн. Тэгвэл үргэлжлүүлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, тайлбар өглөө.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой хэвлэлийн хурал зарласан. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж Ч.Хүрэлбаатар бол Хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэдэг гүтгэлгийг ч гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Эзэн нь өөрөө гарч ирж хэвлэлийн хурал зарлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийлгэхгүй байх шаардлагыг УИХ-ын даргад уламжиллаа. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Одоо Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байх шиг байна. Энэ хэвлэлээр хийж байсан бохир дайралт, гүтгэлэг, доромжлол бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирсэн болохоор мэдээлэл хийж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг ярьдаг. Засгийн газар дээр хөрөнгө оруулагчдын асуудлыг тавиад ирсэн. Эхлээд найман гомдол байсан. Одоо 69 гомдол ирээд байна. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь оролцуулж хийгээд оруулж ирж байгаа юм. Миний үйл ажиллагаа бол олон нийтэд ил байдаг. Би далдуур хүнийг турхирч, ажил хийлгэдэггүй. Энэ бол миний үндсэн зарчим. Эзэн нь өөрөө гараад ирлээ. Энэ хүн Ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн бусдад нөлөөтэй хэвээр байгаа юм байна гэж л харж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.