Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.5.-т “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана”, 4.5.8.-т “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж заасны дагуу төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл боловсруулсан гэлээ.
Узбекистан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс гэж үзэж байна гээд Элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөн холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан хэмээсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.