Европын комисс Шенгений визийн хураамжийг нэмэхээр шийдвэрлэсэн
Европын комисс ирэх 6 сарын 11-нээс Шенгений визийн хураамжийг нэмэхээр шийдвэрлэсэн байна. Шенгений бүсийн орнуудын нэг Словений Гадаад хэргийн яамнаас өнөөдөр энэ тухай мэдээлснээр, энэ хураамжийн нэмэгдэл дэлхийн хэмжээнд үйлчилнэ. Энэ визийн хураамжийг ЕХ дахь төрийн албан хаагчдын дундаж цалин хөлс, инфляцтай уялдуулж гурван жил тутам нэг удаа шинэчлэн тогтоодог юм байна.
Словений Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн яамны мэдээллээр, ерөнхийдөө 12 хувь нэмэгдэж байгаа энэ удаагийн нэмэлтийн хүрээнд богино хугацааны аяллын виз буюу С ангиллын виз бүрдүүлэлтийн хураамж насанд хүрэгчдэд 90 евро, 12 хүртэл насны хүүхдэд 45 евро болох юм байна. Харин 6 хүртэл насныхнаас урьдын адил виз бүрдүүлэлтийн хураамж авахгүй юм байна. Одоогоор энэ төрлийн визийн хураамж томчуудад 80 евро, 6-12 насныханд 40 евро байна. Түүнээс гадна ЕХ-ны орнуудад хууль бусаар оршин сууж байгаа иргэдээ буцаан хүлээж авах чиглэлд хамтарч ажилладаггүй орнуудын тухайд энэ хураамжийн төлбөр 135-180 евро болж нэмэгдэж болзошгүй юм байна. Өмнө нь энэ хураамжийг 2020 оны 2 сард 60 еврогоос 80 болгон нэмэгдүүлж байжээ. Визийн хураамж нэмэх энэ шийдвэр ЕХ-той визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар хүлээгдэж байгаа Туркийн иргэдийн дунд нэлээд дургүйцэлтэй тулгарч байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар, Европын нутаг дэвсгэр дээрх хоорондоо хилийн хяналт шалгалтгүй чөлөөтэй зорчих дэглэм үйлчилдэг Шенгений бүсэд энэ тивийн 29 улс багтдагийн 25 нь ЕХ-ны гишүүн орнууд байдаг. Тэрчлэн өнгөрөгч 2023 онд Шенгений виз хүссэн өргөдлийн тоо 10,3 саяас давсан нь 2022 оныхоос 37 хувиар нэмэгдсэн дүн. Гэхдээ 2019 онд 17 саяд хүрч байсан оргил үзүүлэлтээс хол доогуур хэвээр байгааг албаныхан мэдээлжээ. Өмнөд Африк, Энэтхэг, Пакистан, Хятад, Орос зэрэг Европын бус орны иргэд Европын Холбооны хүрээн дэх Шенгений бүс рүү зорчиход Шенгений виз шаардагддаг. Харин Их Британи, Канад, Америк, Австрали, Япон зэрэг улсын иргэд энэ бүс рүү 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.