БНСУ-ын “BTS” хамтлагийн гишүүн Жин цэргээс өнөөдөр халагджээ.
БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 18 сарын хугацаатай цэргийн албаа хааж дуусаад өнөөдөр халагджээ.
Тэрбээр Сөүл хотоос хойд зүгт 61 км-ийн зайд орших Ёнчон тойрог дахь армийн явган цэргийн 5-р дивизийн гол хаалгаар 09:00 цагийн үед гарч ирсэн байна. Жин цэргийн алба хаах хугацаандаа тэндэхийн цэрэг татлагын төвд сургуулилалтын туслах зааварлагчаар ажиллаж байжээ.
Жинийг гарч ирэх үед хамтлагийн бусад таван гишүүн болох J-Hope, RM, Жимин, V, Жонгүг нар баглаа цэцэг барин угтан авчээ. Одоогоор цэргийн үлээвэр найрал хөгжмийн ангид алба хааж буй RM хамтлагийнхаа “Dynamite” гэдэг хит дууг саксофон хөгжмөөр эгшиглүүлэн энэ үйл явдлыг тэмдэглэсэн байна.
Цэргийн алба хааж буй хамтлагийн гишүүд Сөүлд уулзаж, баяраа тэмдэглэхээр чөлөө авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гарчээ. Харин хамтлагийн өөр нэг гишүүн болох Сүга тэнд байхгүй байсан байна. Хамтлагийн менежментийн хариуцдаг “BigHit Music” агентлагаас хэт олон хүний бөөгнөрөл, шахцалдаан үүсгэхгүйн тулд уг газарт очихгүй байхыг шүтэн бишрэгчдээс хүссэн байна. Иймээс тэд цахим сүлжээгээр шууд дамжуулсан бичлэгээр Жинийг угтан авч, баяр хүргэжээ.
Жин пүрэв гарагт хамтлагийн ойд зориулан жил бүр тэмдэглэдэг “BTS FESTA”-д үйл ажиллагаанд оролцохоор Сөүлийн өмнөд хэсэгт байрлах спорт цогцолборт очих ажээ. Мөн өдрийн орой шүтэн бишрэгчдэдээ зориулан тэдэнтэй уулзаж мэндчилэх арга хэмжээ зохион байгуулах бөгөөд үүнийг “Weverse” платформоор шууд дамжуулна. Жин энэ оны сүүлээр бие даасан цомгоо гаргахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.