БНСУ-ын тал Умард Солонгостой байгуулсан цэргийн хэлэлцээрийг түр зогсооно
Өмнөд Солонгосын тал Умард Солонгостой 2018 онд байгуулсан цэргийн хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоох төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулжээ.
Умардын талаас олон зуун агаарын бөмбөлөг хөөргөж, Өмнөд Солонгос даяар хог тараасны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдсэнээр, Умардтай байгуулсан цэргийн хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоох төлөвлөгөөг мягмар гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар өргөн мэдүүлэх ажээ.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг зогсоосноор Өмнөд Солонгос цэргийн хилийн ойролцоо сургуулилалт явуулж, Пёньянаас ирж буй өдөөн хатгалга гэгддэг үйлдлүүдийн хариуд “хангалттай, яаралтай арга хэмжээ авах” боломжийг олгоно гэж уг мэдэгдэлд дурджээ.
Тус зөвлөлөөс “Хоёр Солонгосын хооронд харилцан итгэлцэл сэргэх хүртэл” хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоохыг Засгийн газарт зөвлөх ажээ. Гэхдээ төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Умардын талаас мэдэгдэхдээ, Өмнөд Солонгос дахь дүрвэгчдийн суртал ухуулгын кампанит ажлын хариуд хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг илгээсэн гээд, уг үйлдлээ үр дүнтэй хариу арга хэмжээ гэж нэрлэжээ.
Идэвхтнүүд Пёньяны эсрэг ухуулах хуудас, Өмнөд Солонгосын дууны клип, телевизийн цуврал кинонуудыг суулгасан зөөврийн флаш, хоол хүнс, эм тариа, мөнгө зэргийг агаарын бөмбөлгөөр Умард Солонгос руу тогтмол илгээдэг.
Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн тухайд
Уг хэлэлцээрийг 2018 онд Умард болон Өмнөд Солонгосын удирдагчдын олон удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд хурцадмал байдлыг намжаах зорилгоор байгуулсан юм.
Өнгөрсөн онд Умард Солонгос энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдэж, хилийн ойролцоо цэрэг зэвсгээ байрлуулсан байна. Умард Солонгосын тал тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулсны дараа Өмнөд Солонгос уг хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг түр зогсоосон юм.
Өмнөд Солонгос цэргийн хэлэлцээрийн зарим заалтыг дагаж мөрдөж байгаа нь аюулгүй байдалд учрах аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад ихээхэн саад бэрхшээл учруулсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгдсэн байна.
Умард Солонгос НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг зөрчин баллистик пуужингийн туршилтын хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор Солонгосын хойг дахь хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд улам хурцадсаар байна.
Эхсурвалж https://montsame.mn/mn/read/345243
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.