БНСУ-ын “Самсунг Электроникс” компаниин ажилчид ажил хаяж буйгаа зарлажээ
Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компанийн олон арван мянган ажилтныг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл өнөөдөр ажил хаяж буйгаа зарласан нь ухаалаг гар утас, чип үйлдвэрлэгч томоохон компанийн 55 жилийн түүхэн дэх анхны тохиолдол боллоо.
“Цалин хөлс, урамшуулалтай холбоотой хэлэлцээ амжилтгүй болсон тул манай эвлэлийн 28 мянган гишүүн буюу компанийн нийт ажиллах хүчний дөрөвний нэг орчим хувь нь зургаадугаар сарын 7-нд ажил хаялт зарлана” гэж “Самсунг Электроникс”-ийн үндэсний үйлдвэрчний эвлэлээс /NSEU/ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс пүрэв гарагт тохиох бүх нийтийн амралтын өдөр болон баасан гарагт ажиллахгүй байхыг гишүүдээсээ хүссэн байна. Үйлдвэрчний эвлэлийн удирдагч Сон Вумок CNN телевизэд мэдээлэхдээ, өнөөдөр олон ажилтан цалинтай чөлөө авсан бөгөөд нэгэн нэгжид “бүх ажилтан чөлөө авсан тул орлох ажилтнуудыг томилсон” гэжээ. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Сон Вумок өмнө нь “NSEU”-ийн олон гишүүн хагас дамжуулагчийн нэгжид ажилладаг гэж хэлж байсан юм.
Харин “Самсунг”-ийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д мэдээлэл өгөх үеэрээ, нэг өдрийн ажил хаялт нь “үйлдвэрлэл, менежментийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй” хэмээн хэлсэн байна. “Өнөөдрийн цалинтай чөлөөний ашиглалтын хувь хэмжээ өнгөрсөн жилийн дурсан санах өдрийнхөөс доогуур байна” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.