БНСУ-д дадлагажигч эмч нарын халагдах өргөдлийг хүлээн авахыг зөвшөөрчээ
Өмнөд Солонгосын эмнэлгүүдэд дадлагажигч эмч нарын халагдах өргөдлийг хүлээн авахыг зөвшөөрсөн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хун мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөгчид үүнийг өөр ажил хайх эсвэл эмнэлэгт буцаж ирэхэд нь туслах алхам гэж үзэж байна.
Чо Кёо Хуны хэлснээр, Засгийн газар дадлагажигч эмч нарыг ажилдаа эргэн орох захирамжийг хүчингүй болгосн бөгөөд тэднийг ажилдаа эргэн орсон тохиолдол шийтгэл ногдуулах захиргааны арга хэмжээг зогсоох ажээ.
Анагаахын ухааны их сургуулиудын оюутны тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн хоёрдугаар сарын сүүлчээс хойш ажил хаяж буй дадлагажигч эмч нарыг ажилдаа эргэн орохыг Засгийн газрын зүгээс сүүлийн хэдэн сарын турш уриалж, эмнэлгүүдэд тэдний халагдах өргөдлийг хүлээн авахыг хориглож байсан юм.
“Хэрэв дадлагажигч эмч нар буцаж ирвэл бид захиргааны арга хэмжээг зогсоох бөгөөд ингэснээр хууль эрх зүйн дарамтгүйгээр сургалтдаа анхаарах боломжтой болно” гэж Чо Кёо Хун сэтгүүлчдэд хэлсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр Засгийн газар элсэлтийн квотыг 1500 орчмоор нэмэгдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн нь сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаагаа ийм ихээр өсгөсөн тохиолдол болжээ.
Элсэлтийн квотыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасны дараа засгийн газар дадлагажигч эмч нарыг тайвшруулах хөнгөлөлттэй арга хэмжээ авахад анхаарч байгаа аж. Гэсэн хэдий ч хэчнээн дадлагажигч эмч өөр эмнэлэгт ажил олох эсвэл ажлын байрандаа буцаж ирэх нь тодорхойгүй хэвээр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.