Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

Авто замын түгжрэлийг багасгахаар импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг ирэх сарын 8-наас хэрэгжүүлж эхэлнэ.

НИТХ-аас энэ оны 2 дугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоол баталсан. Энэ хязгаарт багтаахын тулд тээврийн хэрэгжлийн улсын дугаарыг 5 шалгуур үзүүлэлтээр олгохоор болжээ. 

 

Нийслэлд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 400-450 мянга нь замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, оргил ачааллын үед дундаж хурд нь 7-13 км/цаг байгаа. Харин 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байвал 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой. Иймд хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийг цөөлж, 730 мянга болсон тохиолдолд 5 шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно.

Тодруулбал:

-Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

-Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил, төлбөрөө барагдуулсан, жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;

-Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;-

-Сүүлийн 10 жилд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

-Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх шалгуурыг тавьж байна.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Ингэхдээ,

-Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх,

-Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;

-Цахилгаан, устөрөгч болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;

-Тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзах аж.

Түүнчлэн хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүй. Үүнд, мотоцикл, механизм, зүтгүүр, чиргүүл, цистерн, тусгай зориулалтын автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгохоор болсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.