Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэв

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэв

БНСУ дахь ЭСЯ-наас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засаг үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг тус улсад суралцаж, ажиллаж амьдарч буй монгол оюутан залуус, иргэд тэдний үр хүүхэд, багачуулд энэ сарын эхний өдрүүдэд таниуллаа.

Тодруулбал, 12 дугаар сарын 1-ний ням гарагт БНСУ дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн “НАМҮ” төвийн үсэглэлийн баярыг ЭСЯ-ны байранд зохион байгуулжээ. Өнгөрсөн онд байгуулсан “НАМҮ” төв нь тус улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг ТББ юм.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Сүхболд энэ үеэр, “Хүн бүрийн мартагдашгүй дурсамжийн нэг нь үсэглэлийн баяр байдаг. Энд ажиллаж амьдарч буй монгол хүүхдүүдийг эх хэлээрээ сурч, боловсрох үүдийг нээхээр Монгол сургууль шинээр байгуулах судалгаа, санаачилга эхлүүлсэн”-ээ танилцуулаад, монгол иргэддээ тулгамдаж буй асуудалд анхаарч, ажиллаж байгаагаа тодотгожээ.

Үсэглэлийн баярт 50 орчим монгол хүүхэд эцэг, эхийнхээ хамт оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн, цагаан толгойн 35 үсгээ дуудаж, “Есөн эрдэнийн орон” шүлэг уншиж, баяр хөөртэй өдрийг өнгөрүүлсэн байна.

Элчин сайд С.Сүхболд анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн талаар Ёнсэй их сургуульд энэ сарын 2-нд, Сөүлийн Үндэсний Их сургуульд 3-нд, Кореа Их сургуульд 4-нд, Конгүг Их сургуулийн Монгол оюутнууддаа 5-ны өдөр цуврал лекц орж, залуусын санал бодлыг сонсжээ.

Тухайлбал Конгүг Их сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жонтой уулзаж, хэлний бэлтгэлээс эхлээд үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутныхаа сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжийн тухай санал солилцлоо.

Мөн, Кореа их сургуульд зочлох үеэр тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон Унтай уулзсан. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгосын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, сургалтын орчинтойгоо танилцууллаа. Кореа Их сургуульд, 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторт суралцдаг аж.

Түүнчлэн, 1885 онд байгуулагдсан, Солонгосын шилдэг Их сургуулийн нэг Ёнсэйн Төрийн удирдлагын сургуулийн захирал Чой Ён Жүнтэй уулзаж, төрийн албаны шинэчлэлээр туршлага судлах төрийн болон судалгааны байгууллага хооронд уулзалт, сургалтыг ирэх жил зохион байгуулах тухай ярилцлаа. Энд 130 орчим монгол оюутан олон улсын харилцаа, төрийн удирдлага, хот төлөвлөлт, барилга чиглэлээр сурч байна. Сөүлийн Үндэсний Их сургуулийн хэлний бэлтгэл, ухаалаг хот төлөвлөлт, түүх, археологи, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, ойн инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторт 170 орчим оюутан сурч байна.

Оюутан, залуус өөрсдийн сурч буй чиглэлээ танилцуулж, сургуулиа төгсөөд, эх орондоо сурч мэдсэнээ хэрэгжүүлэх, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, гадаадад байх хугацаандаа хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зөвлөмж авлаа. Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо болон энэ сарын 3-ны шөнө БНСУ-д онц байдал зарласан гэх мэт гадаад иргэдийн эрх ашиг хөндөгдөх үед үйлчлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах зүйлсийг асууж лавлажээ.

ЭСЯ-наас тус улсын бусад их, дээд сургуульд сурч буй монгол оюутнуудтай үргэлжлүүлэн уулзахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.