Аялахад хамгийн тааламжтай Азийн хотууд

Канадын “Resonance” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Ази, Номхон далайн бүс нутаг дахь аялахад хамгийн тааламжтай хотуудын жагсаалтыг анх удаа танилцууллаа. Тус компани Дэлхийн шилдэг хотуудын чансааг (100 Best Cities In The World) жил бүр гаргадаг юм.
Уг жагсаалтыг гаргахдаа Ази, Номхон далайн бүс нутагт “Ipsos” компанитай хамтран хийсэн судалгаанд тулгуурлажээ. Ингэхдээ тус бүс нутгийн 1 саяас дээш хүн амтай хотуудыг амьдрахад тохиромжтой байдал (түүхэн болон уран барилгын дурсгалт газруудын тоо, агаарын чанар), сонирхол татахуйц байдал (шөнийн амьдрал, шопинг, Tripadvisor-ын тойм, Google Trends дэх хотын нэр хүнд) болон хөгжил цэцэглэлт (Fortune 500 жагсаалтад компаниуд байгаа эсэх, нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлт) гэсэн шалгууруудаар эрэмбэлсэн байна.
Ази-Номхон далайн бүс нутгийн "шилдгийн шилдэг" хотоор Сингапур шалгарчээ. Жагсаалтын хоёрдугаарт Токио хот бичигдсэн байна. Түм түжигнэж, бум бужигнаж байдаг Токио хот олон нийтийн газар, соёл, аялал жуулчлалын салбарт шинэ төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийснээр хотын талаарх ойлголтыг өөрчилж байна гэж “Resonance”-ын шинжээчид онцолжээ.
K-pop, K-drama, K-beauty гэсэн гурван К-гаар Өмнөд Солонгос дэлхийг байлдан дагуулж байгаа билээ. Тэгвэл тус улсын нийслэл Сөүл хот "Asia-Pacific's Best Cities" жагсаалтын гуравдугаарт эрэмблэгдсэн байна.
Жагсаалтын дөрөвдүгээрт Хонконг орсон байна. Тус хотод соёл, хоолны уламжлалыг баяжуулсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгааг "Resonance"-ын мэргэжилтнүүд онцолжээ.
Хамгийн шилдэг хотуудын тавдугаарт Бээжин хот бичигдсэн байна. Хятадын нийслэл хотжилтыг олон зуун жилийн түүхтэй хослуулахыг хичээж, гүн гүнзгий өөрчлөлт хийж байна гэж компанийн шинжээчид дүгнэжээ.
"Asia-Pacific's Best Cities 2025" жагсаалтад багтсан хотуудын тоогоор Хятад улс тэргүүлжээ. Тус улсын 33 хот эхний 100-д багтсан байна. Энэтхэгийн 26 хот багтсанаар хоёрдугаарт, Японы есөн хот багтсанаар гуравдугаарт тус тус бичигдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.