Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг амилуулжээ.

Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг амилуулжээ.

Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани 12 мянга гаруй жилийн өмнө мөхөж үгүй болсон “аймшигт чоно” (dire wolves) гэгддэг чонын төрөл зүйлийг “амилуулжээ”. 

Даллас хотод төвтэй биотехнологийн “Colossal Biosciences” компани мөхсөн амьтдыг "амилуулах" хөтөлбөртөө шинэ нээлт хийлээ. Тус компани "Хаан ширээний тоглоом" уран зөгнөлт цувралаар танил болсон, дэлхий дээр 12 000 гаруй жилийн турш үзэгдээгүй гурван “аймшигт чоно”-ыг  "амилууллаа” гэж Bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

“Аймшигт чоно”-нуудыг “амилуулахад” амар хялбар байгаагүй ажээ. “Colossal” компани мөхсөн амьтдын ДНХ агуулсан дээжүүдийг олохын тулд АНУ-ын олон музейтэй холбогджээ. Эцэст нь Айдахо муж улсаас 72 мянган жилийн настай гавлын яс, Охайо муж улсаас 13 мянган жилийн настай шүд олсон байна.

"Генийн бүрдлийг олж авах үнэхээр хэцүү байсан. Аймшигт чононууд хүйтэн уур амьсгалд амьдарч байгаагүй тул ДНХ нь тийм ч сайн хадгалагдаагүй байсан" гэж компанийн ахлах судлаач, доктор Бет Шапиро ярьжээ.

Эрдэмтэд мөн саарал чонын эсийг авч, "аймшигт чоно"-ын онцлог болох хүч тэнхээтэй том бие, цагаан үсийг нь гаргахын тулд 20 удаа генийн засвар хийжээ. Үүний дараа эдгээр эсийг гэрийн нохойн өндгөн эсэд шилжүүлэн суулгаж, харин том гөрөөч нохдыг тээгч эмэгчин болгон ашигласан байна.

Ингээд хоёр эр, нэг эм бэлтрэг гарчээ. Эр бэлтрэгнүүдийг Ром хотыг байгуулсан ах дүү Ромул, Ремийн нэрээр, харин эмийг нь цувралын дүрийн нэрээр Кхалиси гэж нэрлэжээ.

Одоогоор бэлтрэгнүүд хамгийн ойр төрөл нь болох саарал чонын бэлтрэгний жингээс 20–25 хувиар илүү жинтэй байгаа бөгөөд нас бие гүйцэхдээ 63.5 орчим кг жинтэй болох гэнэ. 

Эх сурвалж:https://montsame.mn/mn/read/366113

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.