'Instagram"-д 16-гаас доош насны хүүхдүүд LIVE хийхийг хязгаарлана

Нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ Америкийн Meta компани мягмар гарагт танилцуулжээ. Ингэснээр 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр Instagram дээр шууд дамжуулалт хийхийг хориглосон байна.
Mөн Facebook, Messenger дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийн амьдралд нөлөөлж байгаатай холбоотой шүүмжлэл нэмэгдэж байгаа энэ үед эцэг эхчүүдэд хүүхдийнхээ цахим орчинд хийж буй зүйлсийг хянах нэмэлт боломжийг бүрдүүлэх зорилгоор Meta есдүгээр сараас Instagram дахь өсвөр насныхны хаягтай холбоотой хөтөлбөрөө эхлүүлсэн юм.
Мягмар гарагт танилцуулсан өөрчлөлтүүдийг АНУ, Их Британи, Канад, Австралид эхний ээлжинд нэвтрүүлж, ирэх саруудад дэлхийн бусад оронд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Үүний дагуу 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхээсээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд “Instagram Live” хийхийг хориглоно. Мөн мессежээр ирсэн “нүцгэн зургийг бүдгэрүүлдэг функцийг унтраах” зөвшөөрөл тэдэнд хэрэгтэй гэж Metaгийн блогт бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.