БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 9137 болсон бөгөөд үүнээс 40.8 хувь нь буюу 3730 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн ээлжит мэдээлэлд дурджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Гёнгидо мужид, 14 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүл хотод, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна. Мягмар гарагт зургаан хүн нас барснаар, нас барсан тохиолдлын тоо 126 болжээ.
Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар, сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын орнуудаас ирж байгаа Өмнөд Солонгосчуудыг гэртээ тусгаарлагдахыг хүсэж байгаа боловч ирснээсээ хойш гурван хоногийн дотор нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусний шинжилгээ хийлгэх ёстой байна.
Харин Европын орнуудад зорчоод ирсэн гадаадын иргэдийг түр оршин суух газарт нь шууд хүргэж, шинжилгээ авна. Тэдний шинжилгээний хариу халдваргүй гарсан ч гэсэн удаан хугацаагаар ирсэн хүмүүс гэрийн хорио цээрийн дэглэмийг 14 хоногийн хугацаанд сахих ёстой бөгөөд харин богино хугацаанд зорчих иргэдийн биеийн байдлыг тогтмол хянахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.