ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг одоогоор 500 орчим хүнд хийгээд байна.
Тодруулбал, УНТЭ 2016 оноос хойш 300, ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ.
Монгол Улс 500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд өндөр үзүүлэлт юм. Манай улсын эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын ур чадвар дэлхийн жишгээс хоцрохгүй байгаа. Цаашид ч монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломжийг өргөжүүлэхийг зорьж байгаагаа ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээнд үндсэн багаас гадна нийгмийн болон сэтгэл заслын эмч нар давхар ажилладгийг ХСҮТ-ийн элэг судлаач эмч Ч.Мөнхзаяа тодотгоод, “Элэг шилжүүлэн суулгуулсан 200 орчим хүний 12 нь амьгүй донороос эрхтэн авсан. Хэдийгээр амь нас нь аврагдан аз жаргалтай байгаа ч сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг. Элгээ өгсөн хүнд, тэдний ар гэрийнхэнд байнга талархаж, аз жаргал хүсэж байдаг. Доноруудын ар гэрт нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг бүх л нөхөн олговрыг нь өгөхөд анхаарах хэрэгтэй юм” хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.