Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа
НЬЮ-ЙОРК. /TASS/. Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанаас гарлаа. Тэрбээр энэ тухайгаа “Twitter” хуудсандаа лхагва гарагт мэдэгдсэн байна.
“Өнөөдөр би сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоож байна. Кампанит ажил зогсож байгаа хэдий ч шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилсээр байх болно” гэж тэрбээр мэдэгджээ. Сандерс мөн дэмжигчдэдээ хандан үг хэлсэн байна. Түүний үгийг сонгуулийн штабынх нь цахим хуудсаар шууд дамжуулжээ.
“Та бүхэнд сайхан мэдээ дуулгахыг хүсэж байгаа боловч бодит байдал ямар байгааг бид бүгд мэднэ. Бид үндэсний их хурлын төлөөлөгчдөөс Жозеф Байденаас 300-аар бага санал авсан. Хэдийгээр бид үзэл суртлын тулалдаанд ялалт байгуулж, олон залуу сонгогчийн дэмжлэгийг авсан ч Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх одоогийн тэмцэл миний хувьд амжилтад хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тиймээс өнөөдөр би сунгаанаас гарч байгаагаа мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Сандерс “дэвшилтэт санаануудыг дэмжин сурталчлах зорилгоор Жо Байдентай хамтран ажиллана" гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр Висконсин муж улсад болсон нэр дэвшигч тодруулах сунгааны дараагийн өдөр ийм шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Коронавирусний цар тахлын үед явуулсан энэхүү сунгааны дүнг дөрөвдүгээр сарын 13-наас нааш зарлахгүй боловч Сандерсын өрсөлдөгч дэд ерөнхийлөгч асан Жо Байден ялна гэдэгт итгэлтэй байгаагаа санал авах байр хаагдсаны дараахан “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Сонгуулийн өмнөх сунгаанаас гарах Сандерсын шийдвэр нь Байданд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших замыг нээж байна гэж “CNN” тэмдэглэжээ.
Сандерс эхлээд өөрийнхөө шийдвэрийг сонгуулийн штабынхаа ажилтнуудтай утсаар ярих үеэрээ мэдэгдсэн гэж “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн юм.
“The New York Times” сонины хамгийн сүүлийн тооцооллоор, Байдан хэдэн арван мужид явуулсан сунгааны дүнд 1217 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан бол Сандерсыг 914 төлөөлөгч дэмжжээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд 1991 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой юм. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын их хурлыг коронавирус тархсаны улмаас долдугаар сараас наймдугаар сарын дундуур болгож хойшлуулжээ. Тус улсын 59 дөх Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.