ДЭЛХИЙ НИЙТ АМНЫ ХААЛТЫГ СОНГОЖ БАЙНА... ХАРИН ТА...???

ДЭЛХИЙ НИЙТ АМНЫ ХААЛТЫГ СОНГОЖ БАЙНА... ХАРИН ТА...???

Дэлхийн хэмжээнд коронавируст цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 1 518 023 хүн "COVID-19" коронавирсут халдвар авсан нь бүртгэгдэж, тэдгээрээс 88 мянга 457 хүн нас бараад байна. Халдварын шинэ голомт болоод байгаа АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 31 935 хүн шинээр халдвар авч, 1 940 хүн нас барсан гэж https://www.worldometers.info цахим хуудаснаа мэдээлжээ.

Манай хойд хөрш ОХУ-д ч байдал сайнгүй байна. Өнөөдрийн байдлаар тус улсад халдварын 8 672 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас бараад байгаа аж. Энэ бол зөвхөн хоёрхон улсын тоо баримт. Ийм л цаг үед бидэнд тайвшрах, назгайрах эрх байхгүй гэдгийг санууштай.

Тодруулбал, иргэн бүр коронавирсний халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарч, хувийн ариун цэврийг сайтар сахих, амны хаалтыг тогтмол зүүх нь тун чухал юм. Хэдхэн хоногийн өмнө амны хаалт зүүсэн хүнийг өвчтэй цэрвэдэг байсан америк, европын улс орнуудын иргэд ч амны хаалт зүүх нь эрүүл мэндээ хамгаалахын тулд зайлшгүй хийх ёстой үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Харин монголчууд бидний бодит байдал өнөөдөр ямар байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа доктороос "Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрбээр "Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа"" хэмээн хэлсэн талаар бичиж байсан.

Мөн тэрбээр, "Би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь ч маскаа зүүгээч" гэж хэлье, шаардъя. Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхдөдөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусний халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна" гэдгийг онцолж байгаа.

Үнэхээр ч тухайн үед бүх шатандаа хариуцлагатай хандаж, иргэн бүр амны хаалт зүүсний үр дүн тэр байсан биз. Харин өнөөдөр гудамж талбайд амны хаалт зүүгээгүй, шүлсээ ил хаясан хүмүүс тааралдах нь ердийн үзэгдэл болж. Ялангуяа залуучууд энэ тал дээр хэнэггүй, бусдадаа хүндлэлгүй хандаад байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөхөөр... Өвчин гэдэг хэлж ирэхгүй, нас харгалзахгүй гэдгийг эрүүл мэндийн салбарынхан ухуулсаар, сануулсаар...

Өөрийгөө, хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн шилдэг аргуудын нэг нь амны хаалтыг зөв хэрэглэж хэвших.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.