Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг хөнөөсөн хүнийг цаазаар авчээ

Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг хөнөөсөн хүнийг цаазаар авчээ

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх Мужибура Рахманыг хөнөөсөн хүмүүсийн нэг болох тус улсын армийн офицер асан Абдул Мажедын цаазын ялыг гүйцэтгэсэн тухай “The Week” сонинд мэдээлжээ.

Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг 1975 оны наймдугаар сарын 15-нд Дакка хот дахь өргөөндөө байхад нь эхнэр, гурван хүү, бусад хамаатан садан, гэр бүлийн ойр дотны хүмүүсийн хамт хөнөөсөн бөгөөд хилийн чандад байсан хоёр охин нь л амьд үлдсэн байна. 

Цаазаар авах ялыг Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид өршөөл үзүүлэхээс татгалзсанаас хойш дөрөв хоногийн дараа гүйцэтгэжээ. Бангладешийн анхны Ерөнхийлөгчийн охин Шейх Хасина Вазед 1996 онд тус улсын Ерөнхий сайд болсныхоо дараа гэр бүлийнх нь гишүүдийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг дахин сэргээсэн учир Мажед эх орноосоо явахаас аргагүйд хүрчээ.

1975 онд Бангладешт болсон цэргийн эргэлтийн үеэр аллага үйлдсэн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн 15 хүний нэг нь Мажед юм. Тэрбээр Ливи, Пакистанд нуугдаж байгаад дараа нь Энэтхэг рүү гарсан байна. Мажед Энэтхэгт коронавирусний халдвар тархсанаас хойш гуравдугаар сарын 15 эсвэл 16-нд Бангладешт буцаж ирсэн гэж "The Week” сонинд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.