“Их-7” ядуу буурай, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлнэ
“Их-7”-гийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Сангийн сайд нар мягмар гарагт цахимаар хуралдсан юм.
Японы Сангийн сайд Таро Асогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, талууд эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад халдварыг хязгаарлахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна. Мөн тэрбээр хөгжиж буй орнууд дахь халдварын тархалт нөхцөл байдлыг улам дордуулж, дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байна гэж мэдэгджээ.
“Их-7” мөн ядуу буурай орнуудын зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулна гэж мэдэгдсэн байна. Мөн тэд Олон улсын валютын сангаар дамжуулан ядуурал газар авсан орнуудад зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Японы Төв банкны тэргүүн Күрода Харүхико хурлын үеэр банкныхаа бодлогын талаар тайлбарласан байна. Тэрбээр коронавирусээс үүдэлтэй нөлөө одоог хүртэл тодорхойгүй байгааг тэмдэглээд, Японы Төв банк шаардлагатай тохиолдолд бодлогоо дахин зөөлрүүлэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.