Хогийн цэгээс МАСК түүн худалдан борлуулдаг байж болзошгүй байна

Хогийн цэгээс МАСК түүн худалдан борлуулдаг байж болзошгүй байна

Энгийн үед 90-150 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан маск лангуун дээр ховордсоор материал болон чанараасаа хамаараад 1000-10,000 төгрөгийн ханштай бараа болсон. Иргэд эрүүл мэнддээ анхаарч, цөөн хэдэн үйлдвэрлэгч зах зээлийн эрэлтдээ дулдуйдан үнээ өсгөснөөр барагтай л бол борлогддоггүй маск ийн нугардаг бизнес болж хувираад байгаа. Эмийн сангаас олдоггүй хэрнэ зах худалдааны төвөөс авахуулаад, гудамж талбай, автобусны буудлуудаар гар хийцийн болон гарал үүсэл нь тодорхойгүй маск худалдаалагдаж байна. Маск нэг ёсондоо хоолноос дутахааргүй хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Гаднын зарим оронд төр нь зах зээл дээрх бүх маскийг татан авч нөөц бүрдүүлсэн мэдээлэл байна. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр нэг удаагийн маскийг хоёр цагаас дээш зүүхийг хориглож байгаа бол N95 буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалах маск 12 цагийг даах боломжтой аж. Нэг удаагийн зориулалттай маскаар тооцвол, хүн өдөрт дөрвөн маскийг хаягдал болгож байна гэсэн үг. 

Ийм эрэлттэй барааг борлуулах сонирхол нэмэгдэхийн хэрээр саар зүйлс ч гарах болсныг дуулгах гэсэн юм. Иргэдийн мэдээллээр Цагаандаваа, Улаанчулуутаас эхлүүлээд орон сууцны хорооллын дундах хогийн цэгээс хаягдал маск түүх нь олширсон байна. Өдрийнхөө амьжиргааг шил лааз тэргүүтэй хоёрдогч түүхий эд цуглуулан залгуулдаг иргэд энэ ажлыг хийх болсон бөгөөд тэднээс олон ширхгээр нь худалдаж авдаг хэсэг бүлэг хүн бий болжээ. Хогийн цэгээс  хоёрдогч түүхий эд түүдэг нэгний хэлснээр, худалдан авагчид нь хаягдал маскийг цэвэрлэн, өнгө зүс оруулсны дараа уутлан борлуулдаг байх магадлалтай аж. Энэ үйл явдал төр засгаас өндөр үнээр ч хамаагүй маск худалдан авч зүүхийг шахаж буй энэ үед ил задгай, гудамж талбайгаас гарал үүсэл нь баталгаагүй маск худалдан авахдаа анхаарахыг сануулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.