Их аварга Хакүхо: Хурдхан барилдахыг хүсэж байна

Японы сүмо бөхийн холбоо бөхчүүдээс коронавирусний халдварын тохиолдол илэрсний дараа сүмочдыг гадагш гарах, барилдааны бэлтгэл хийхийг хориглосон билээ.
Спортын “Спониччи” сонин их аварга Хакүхогоос утсаар ярилцлага авч, хөл хорионы үеэр юу хийж, цагийг өнгөрүүлж байгааг нь сонирхсон байна.
Хакүхо “Бэлтгэл хийж болохгүй болсон энэ үед мөргөлдөх, барилдааны бэлтгэл ямар чухал болохыг дахин ойлгосон. Хурдхан барилдмаар байна. Би энэ сарын 11-нээс бэлтгэл хийж эхэлсэн. Өглөө дэвжээндээ хоёр цаг орчим үндсэн дасгалуудаа хийж байгаа. Орой нь гэртээ хүчний дасгал хийж, хөлсөө гаргана. Харин энэ үеийг ашиглан эмнэлэгт бүрэн шинжилгээ өглөө. Хуучин архаг гэмтэл, шинэ гэмтэл ч бага багаар эдгэж байна. Гэр, дэвжээнээс өөр газар явж болохгүй тул бага зэрэг стресс байгаа. Гэртээ гэр бүлээрээ хооллож, сүүлийн үед гэртээ монгол хоол хийдэг болсон. Спортоор хичээллэдэг хүүхэд багачууд бэлтгэл хийж чадахгүй, уралдаан тэмцээн байхгүй хүнд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ хичээлээ хийж, аав, ээждээ туслаад өөрсдийн чадах зүйлээ хийж байхад хэзээ нэгэн цагт хэрэг болно. Хамтдаа энэ хүнд үеийг даван туулья” гэж ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.