Эрхлэгч нарт сурагчдаа 100 хувь анги дэвшүүлэх үүрэг өглөө

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.04.21/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нэгдүгээр ангид орох хүүхдэд зориулсан зөвлөмжийг эцэг, эхэд нь хүргүүлж байна. Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орох тооцоо бий. Зуны сард зохион байгуулах сургалтуудыг зогсоож байна. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт тодорхой үүрэг өгч байгаа. Сурагчдыг хохироож болохгүй, 100 хувь анги дэвшүүл гэдэг үүргийг өгсөн. Шалгалт авахгүй. Суралцагчийн жилийн эцсийн дүнг хагас жилийн буюу хоёрдугаар улирлын дүн дээр теле хичээл, багшийн үнэлэмж зэргийг дүгнэнэ. Дүнг доошлуулж гаргаж болохгүй гэдэг чиглэлийг өгч байна. Дотуур байранд амьдардаг сурагчдын эд зүйлсийг дөрөвдүгээр сардаа багтааж хүлээлгэж өг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн эд зүйлсийг нь мөн буцааж өгөх үүрэг өгсөн. Эцэг, эхчүүдээс мөнгө татаж анги засварын ажил хийдэг. Ийм зүйл байхгүй. Энэ жил анги засвар хийхгүй" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.