Израилд эвслийн Засгийн газар байгуулахаар боллоо

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний өрсөлдөгч Бенни Ганц нар эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Ингэснээр жил гаруйн хугацаанд гурван парламентын сонгууль явуулсан Израилд улс төрийн тодорхой байдлыг авчирлаа. Коронавирусний цар тахал дэгдсэн үед дөрөв дэх сонгуулиас зайлсхийж, эвсэл байгуулахыг талуудын аль алинд уриалжээ.
Израилд “COVID-19” халдварын 13700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Б.Нетаньяху, Б.Ганц нар Йерусалим хот дахь Ерөнхий сайдын өргөөнд даваа гаргийн орой эвслийн гэрээ байгуулжээ. Израилд бараг бүтэн хөл хорио тогтоогоод байгаа юм.
“Израил улсын эвслийн Засгийн газар ард түмний амь нас, амьжиргааг хамгаалахын тулд зүтгэх болно гэдгийг би амлаж байна” гэж Б.Нетаньяху “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Мөн Б.Ганц, “Бид дөрөв дэх сонгуулийг зохион байгуулахаас зайлхийлээ. Бид ардчиллыг хамгаална. Бид коронавирустэй тэмцэж, Израилын бүх иргэнийг хамгаална” хэмээн бичсэн байна.
Хэлэлцээрийн дагуу Засгийн газрын суудлыг Б.Нетаньяхугийн “Ликуд” нам болон Б.Ганцын “Цагаан-Цэнхэр” намын гишүүд хуваах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.