Н.Энхбаярыг нэг мөр дарж авах сүүлчийн АЖИЛЛАГАА

Н.Энхбаярыг нэг мөр дарж авах сүүлчийн АЖИЛЛАГАА

Хүний амьдралын 10 гаруй жил гэдэг богино хугацаа биш. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид ялагдах үедээ дөнгөж 50 насны босгоор давж асан малилзсан шар нөхөр “Урт шар дээлт” нэртэй гялалзаж явав. Гэтэл өдгөө 60 насны сүүдэрт өнгө зүс нь бууралтаж яваа тэтгэврийн өвгөн болсон ч балбуулан, балбуулан улс төр рүү зүтгэсээр л явна. Яваад өгч болдоггүй,  улс төрд чухам юугаа орхиод гарсан нөхөр юм бол доо, хөөрхий. Миний санахад, үлдээсэн зүйл гэвэл захын улстөрчдийн зүүдлээд ч хүрэхгүй өндөр дээд, тансаг намтар үлдсэн байх учиртай. Магадгүй ихээхэн өс хонзон үүрд үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Түүнийг шоронд хорьж үзлээ, гутааж, доромжилж үзлээ, зарим зүйлийг нь булааж үзлээ. Тэр огт хаширсангүй. Нуулгүй хэлэхэд Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчдийнхээ дунд сохорчихсон явахад суган дор нь бойжиж асан бүлэглэл эрийн цээнд хүрч, ийнхүү 10 гаруй жил улс төрийн “шорон”-д хорилоо. Ёгтлоход МАН, АН аль аль нь нийлээд ганцхан Н.Энхбаяртай зодолдсон он жилүүдийг үдэж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Н.Энхбаяр ч шазуур зууж байна, хорьж цагдаж, хэргээр саад тавьсан ч тэр үзсээр л байна. Бүлэглэлээс түүнд зориулсан хууль, дүрэм ч өнөөдрийг хүртэл гаргасаар байна гэхэд болно. Тэр тэдний хуульд “гавлуулан” 10-аад жил улс төрийн хашааны гадна амьдарч, бас балбууллаа. Гэтэл өнөөх нь зайлж өгдөггүй, лай болж байх шиг. Яасан ч балбуулж ханадаггүй нөхөр юм. Миний мэдэхээр 20 гаруй жилийн өмнө балбуулж л байсан, 10 жилийн өмнө балбуулж л байсан, одоо ямар ч албан тушаалгүй хэрнээ балбуулж л байна.

Ингэхэд Н.Энхбаяр үнэхээр Монгол Улсад хортой хүн үү, гэмгүй хүн үү гэдгийг яг таг мэдэх юм алга. Зөвхөн сүүлийн үед санаатай, санаагүй мэдээ мэдээлэл, хүмүүсийн ярианаас харахад тэр асар муу хүн. Түүнийг дагасан хүн ямар нэгэн байдлаар хохирдог төдийгүй шоронд ордог гээд нэр устай, баримттай асуудал дэлгэж байна. Үүнээс харвал тэр үнэхээр муу нөхөр. Ийм нөхрийн төлөө тэмцэхэд 10 жил байтугай 100 жил багадахаар харагдана.

Хаанчилж явах цагт нь цүнхийг нь зөөж байсан, өмнө нь сөгдөөд бөхөлзөж байсан, гараас нь хөтөлж улс төрд орсон гээд бүгд л түүний эсрэг зогсжээ. Хамгийн наад зах нь гэхэд Н.Энхбаярын ивээлээр их улс төрд орж, найман жил парламентад суусан, ахиад ч суух санаатай, нам намаас “орогнол” хүсэж явсан О.Баасанхүү хүртэл зүхэж сууна.

Өндөр сэнтийгээс буусан хойно нь горьдлого тээж, “хаан” сүрийг нь сэтгэлдээ хэвээр хадгалан очсон ихэнх нөхөд “Н.Энхбаярыг дагасан хүн шоронд ордог”, “Н.Энхбаярыг дагаж хайран жилүүдээ үрэн таран хийлээ” гэх зэргээр тал талаас нь боорлож байгаагаас харвал илтэд захиалга гэмээр. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг ялагдал хүлээсэн ч Н.Энхбаярт найдлага тавиад баларсан хүн ч байгаа л байх. Улс төрийн амьдрал бол өнөөдрөөр сэтгэж төсөөлөх аргагүй зүйл гэдгийг мэдэхгүй усан толгойтнууд ч ирж наалдчихаад, цагаа тулахаар муучлан явдаг тал ч бас бий.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мандаж л байна, бараг улс төрийнхөө оргилын дээд цэгт очсон нь энэ байх. Маргааш бэлдээ буусан байхыг хэн ч үгүйсгэхгүй, тийм адармаатай талбар бол улс төр. Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлэгчид олон л байна, маргааш уруудахад дэргэд нь хэд үлдэх бол. Төрийн өндөр дээд суудалд олон жил заларна гэж байхгүй, ямар Хойд Солонгос биш. Тэр тусмаа олон ургальч үзэлтэй ардчилсан тогтолцоот төр, нийгэмтэй улсад ямар ч боломжгүй зүйл. Хойд хөршийн тэргүүн л өндөр дээд сэнтийд өөрийгөө удаан тогтоож байгаагаараа ардчилсан улс орнуудын түүхэнд тунаж үлдэхээр харагдана. Манайд үүнийг дуурайх гэж үзэж байгаа өндөр дээдэс бий. Билгэ тэмдэг бүхий дээд суудлын хугацааг хоёр жилээр сунгаж, зургаан жил болгочихоод сууж байгааг харж л байна. 

Хөдөлшгүй үнэн бол Н.Энхбаярт ахиад “Хаан” болох бүү хэл улс төрд эргэн орох боломжгүй болж байх шиг. Яагаад гэхээр түүнийг нэг мөр дарж авах ажиллагаа ахиад эхэлчихсэн гэж харж байна. Одоо түүний гарыг мухарлах ил ажиллагаа явуулж болохгүй учраас далд нүүдэл өрнүүлж байгаа нь зайлшгүй. Тэр МАХН-гүй бол “Нохойд барих модгүй” л нэгэн. Энэ янзаараа нам дарах ажиллагаа цааш өрнөвөл МАХН, Ногоон намын “Та бидний эвсэл” ч нуран унах төлөвтэй. Магадгүй МАХН-аас нүүр буруулагчид ч гарч ирэх магадлалтай боллоо. Түүний ганц найдвар бол МАХН. Үүнийг сарниах, бутаргах төлөвлөгөөт ажил явж байгаа нь илт. Түүний нөмөр нөөлгийг бараадаж очсон нөхөд дунд “эзэн”-дээ үнэнч үлдэх ноход нэг ч байхгүй. Бүгд л ашиг хонжоо хайгчид, гомдсон цөхөрсөн, гологдсон, хаашаа ч явж магадгүй улс төрийн “үхдэл”-үүд гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл.

Хамгийн ойрын буюу бэлэн жишээ гэхэд МАН-ын өвгөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нар байна. Н.Энхбаярт хайртайдаа ч бус, энэ нийгэм улсдаа зүтгэлтэйдээ ч биш, зөвхөн ашиг хонжоо хайгчид гэдгийг сонгодгоор нь харууллаа. 2012 онд Н.Энхбаяр дээр уйлаад очиж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар түүний буянаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайд, Сангийн сайдаар, Л.Цог УИХ-ын дэд даргаар ажиллаж л байсан. МАХН-д эргээд байдал эвгүйтэхээр МАН-даа Н.Энхбаяраа муулан, хамаг нууцаа дэлгээд ирж л байсан. Хошуугаа худалдаж, нэр нүүрээ барсныхаа шанд МАН доторх ашигтай байрлалаас сайдын суудалд заларч л байна.

Хэрвээ боломж байгаад Н.Энхбаяр өндөрлөгт очиход “Далан нас дардаггүй юм байна” гээд уйлаад л очих нөхөд, тэдэнд ичих нүүр байх биш. Даанч тийм цаг хугацаа, боломж алга. Гэхдээ улс төр хийхэд 60 нас битгий хэл 80 нас ч хөгшдөхгүй байх. Дэлхийн түүх ч тийм. Манайд ч 70 нас гарч улс төрийн зодгоо тайлсан нөхөд алийг тэр гэх вэ. Н.Энхбаярыг дарж авах төлөвлөгөө эрчимжиж байгаа болохоос биш, зогсолтгүй явж л байсан. О.Баасанхүү гэхэд эр зоригтойдоо МАХН-ыг булаах оролдлого хийж, Төрийн ордонд Их хурал зохион байгуулаагүй. Тэр хөрөнгө бэлтэйдээ хэдэн зуун гишүүдийг үнэтэй буудалд байрлуулж хооллоогүй л байхгүй юу. Түүний цаана өнөөх л бүлэглэлийн эрх мэдэл, хөрөнгө мөнгө л байсан болов уу. Харин оролдлого нь мухардсан залууд аль нэг нам сонгохоос өөр арга үлдсэнгүйгээ өөрөө мэдэгдэнэ лээ.

Уг нь Н.Энхбаярт хууль зохиогчид 2017 оны есдүгээр сар хүртэл төрд ямар нэгэн албан тушаал хаших, бас нэр дэвших нь хориотой хэмээн зүйлчилж өгсөн. Үүнийг АТГ-аас мэдэгдэж байв. Хууль зохиогчид өнгөрөгч 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрнө.

Тэгээд Н.Энхбаяр залхана гэж бодсон байх. Гэтэл өнөөх хуулийн үйлчлэх хугацаа дуусаж, ямар ч саадгүй хэмээж байтал “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн заагаад өгчихлөө. Тэгэхээр түүнд улс төрийн өрөг дээр хийх нүүдэл бараг алга. МАХН хэмээх бүлэглэлд найдах л үлдэж байна. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярыг парламентад сууж байгаасай, Ерөнхийлөгчийн суудалд заларч байгаасай хэмээн хүсэж байгаа хүмүүс олон л байж таарна. Сонин ч байх. Ийм л нэг улстөрчдийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болсон нөхөр хаашаа ч үгүй насны тоогоо нэгээр нэмэн зогссоор байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.