Тусгай зөвшөөрөлгүйгээр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх тохиолдлууд гарч байгаа бөгөөд эрх бүхий хууль хяналтын байгууллагуудаас хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зохих хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагын салбар зэрэг тус хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээг хянаж, зохицуулах чиг үүрэг хүлээсэн бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно” гэж заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулагддаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ...”-г банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааруулахаар хуульчлагдсан байдаг.
Банк бус санхүүгийн байгууллагын эрхлэх үйл ажиллагаа болох цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д заасан “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” шийтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болохыг анхааруулж байна.
Иймд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй аливаа этгээдийг дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх талаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдье.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эрхлэхтэй холбоотой мэдээллийг энэ холбоосоор авна уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.