Шадар сайдад Өмнөд Солонгосоос илгээх ИЛ ЗАХИДАЛ

Шадар сайдад Өмнөд Солонгосоос илгээх ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын иргэн Сүхбаатар овогтой Мөнх-Ирээдүй миний бие гадаадад амьдарч буй олон мянган иргэдээ төлөөлөн эрхэм таньд Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд заасан эрхээ эдлэхээр хандаж байна.

Дэлхий нийтээр тархан байршсан Монгол Улсын иргэдийн 47695 нь БНСУ-д оршин сууж байгаагаас 6636 нь түр хугацааны (3 сараар ажил хөдөлмөр эрхлэх, аялах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, төрөл садандаа зочлох) визтэй, визний хугацаандаа нутаг буцах шаардлагатай иргэд байгаа билээ. 

Коронавирусний эсрэг Монгол Улсын хэрэгжүүлж буй хатуу чанга хорио цээр манлайлал нь хэдийгээр дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахалтай оновчтойгоор тэмцэж буй арга барил хэдий ч гадаадад байгаа монгол иргэдээ хүний нутагт хөсөр хаях гажуудлыг гаргаж байна.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Та яагаад Монгол Улсын иргэд үй олноороо гадаадад суурьшин амьдарч, гадаадыг зорьж, ажил хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг гэж боддог вэ?

Баян тансаг орчин эрэлхийлсэндээ гэж үү.. ҮГҮЙ ЭЭ.

Та сургалтынхаа төлбөрийг олох гэж өдөр, шөнөгүй ажлын сайн мууг хийж, ирээдүйдээ хөрөнгө оруулахаар зүтгэдэг оюутны зовлонг ойлгохгүй байна.

Та залуу наснаасаа гэр бүлийнхнээ ардаа чирэн ажиллаж байгаа визгүй иргэдийнхээ дотоод айдсыг мэдрэхгүй байна

Та гуравхан сарын визийг арай ядан гаргуулчхаад үр хүүхдийнхээ хэрэглээ, сургалтын төлбөрийг олох гэж, амьжиргаагаа дээшлүүлэх гэж хэдэн бүлтгэр үрээ хүний гар дээр үлдээн, өөрийгөө хөгширснөө ч үл тоон, хүний нутгийг зорьж, үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол гараа эвэрштэл, хөлөө цуцтал гадаад хүний нүдэнд хог шаар шиг адлагдан ажиллаж буй монгол орны нүүр царай болсон их сургуулийн доктор багшаас дунд сургуулийн багш, эмч, сувилагч, инженер техникч, цэрэг, цагдаа (Нийтийг хамруулаагүй болно нарыг та ойлгохгүй.

Та эрүүл мэндийнхээ төлөө байгаа бүхнээ зарж үрчхээд гаднын эмнэлгийн орноос гэрээ санан, өдөр өдрөөр нэмэгдэх эмнэлгийн төлбөр болон түрээсийн байр, амьжиргааны төлбөртөө шаналж буй өвчтөн, тэдний ар гэрийн зовлонг мэдрэхгүй байх.

Та цар тахал гарсан учраас иргэд чинь гэнэт эх орноо санасан гэж арай бодоогүй биз дээ.

Монгол Улсын Онцгой байдлын тухай хуульд зааснаар иргэд зорчих эрхээ түр хязгаарлуулж болох ч ийм удаан хугацаанд сэтгэл санаа, санхүүгээр хохирч болохгүй ээ. Эдгээр иргэдэд ардаа үлдээсэн бага насны хүүхэд, өвчтэй зовлонтой гэр бүл нь байгаа шүү дээ!

Өнөөдөр би та бүхнийг муу ажиллалаа гэж шүүмжлэх гэж, надад бэлэн мөнгө өгөөч хүсэх гэж захидал бичээгүй ээ. Цар тахлаас шалтгаалан УОК-оос гаргасан 5 заалт жирийн иргэнд хамааралтай байгаа эсэхэд эргэлзэн бичиж байна.

Жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй зэрэг заалтуудыг харгалзан, гадаадад байгаа олон иргэд хүлээцтэй хандсаар ирлээ. Гэтэл иргэдийнхээ энэ итгэл дээр ус асган, урлагийн од, бөх, УИХ-ын гишүүн, экс Ерөнхийлөгч, улстөрч, дарга нарын хамаатан садан чартер нислэгт багтан, гаднаа хонхны дуутай эргэлт авч, ард иргэддээ сүр хүчээ үзүүлж суугааг бид харж байна. Шадар сайд аа, энэ шударга явдал уу?

Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тусгаарлах байрууд хангалтгүй хэмээх нь хир зохистой вэ? Сонгогдсон цөөхөн тооны буудал, амралтын газрууд ингэхэд хэнийх вэ? Улсын нийслэлээр дүүрэн буудал, амралтын газрууд байхад тэднийг ийм нөхцөлд санхүүгийн хувьд дэмжин, тусгаарлалтын байр бий болгох боломж үнэхээр байхгүй гэж үү?  “Айлын гэр”-т амь зууж байгаа түр хугацаагаар ирсэн иргэдээ илүү их эрсдэлд орохоос нь өмнө эх оронд нь аваачиж болохгүй гэж үү?

Ийм хүмүүс бүгд бүх зардлаа өөрсдөө гаргаад, шинжилгээгээ өгөөд, сөрөг гарвал эх орондоо очиж тусгаарлалтад хамрагдахаа хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ өндөржүүлсэн хөл хорионы дэглэмээ бууруулсан, олон нийтийн газрууд нь нээлттэй, ард иргэд нь хэвийн ажил хөдөлмөрөө эрхлээд явж байхад жилдээ улсын төсвөөс 2,935,817,190.00 төгрөгийн санхүүжилттэй, түүнээс зөвхөн цалингийн зардалдаа 1,403,704,440.00 төгрөг зарцуулдаг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яам иргэддээ хүрч ажиллаж чадахгүй, олныг бухимдуулж байна.

Энэ төрийн албаны ёс зүй мөн үү? Та бодоорой. Та тунгаагаарай. Та бусадтайгаа зөвлөлдөөрэй. Та өөрийн удирдаж байгаа салбарынхаа хариуцлагын түвшинг нягтлаарай.

Жич: Миний бие УОК-оос баталсан 5 заалтад багтаагүйн улмаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаагүй болно. Гэхдээ өнөөдөр бусдын төлөө дугарахгүй бол дараа чиний төлөө хэн ч дугарахгүй гэдэг үгийг санан, энэхүү ил захидлыг илгээж байна.

2020.05.07

эх сиурвалж https://zindaa.mn/381j

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Уныг Ялалтын ойн баярын медалиар шагнажээ 2020-05-05

Орон нутгийн иргэд нарийн шинжилгээ өгөхийн тулд аймгийн төвийг зорих шаардлагагүй боллоо 2020-05-06

БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн 2020-05-06

Ким Жөн Уныг зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг үндэслэлгүй гэж үзжээ 2020-05-06

БНАСАУ баллистик пуужин харвах шинэ талбай барьж байна 2020-05-06

Шадар сайдад Өмнөд Солонгосоос илгээх ИЛ ЗАХИДАЛ 2020-05-07

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ 2020-05-07

Солонгосын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хайх ажилд робот оролцуулна 2020-05-07

БНСУ-д халдвар авснаа мэдээгүй өвчтөн таван клубээр үйлчлүүлжээ 2020-05-07

Ким Жөн Ун коронавирусийг ялан дийлсэнд Ши Жиньпинд баяр хүргэжээ 2020-05-08

БНСУ-ын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг зэмлэн буруушаажээ. 2020-05-08