Захирамж зөрчсөн иргэн, ААН-д торгуулийн арга хэмжээ тооцжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарсан өдрөөс эхлэн хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Засаг даргын захирамж зөрчиж, хорио цээрийн дэглэмийн үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил гарсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал дээрх захирамжийг зөрчсөн долоон аж ахуйн нэгж, 10 иргэн байна. Эдгээрт Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих зэрэг хуулийн зүйлд заасны дагуу 150-1500 нэгж буюу 150000-1500000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Мөн дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар зөвлөмж, мэдэгдэл өгсөн аж.
Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамж зөрчиж, хорио цээрийн дэглэмийн үед энэ төрлийн зөрчлийг хоёр удаа гаргасан тохиолдолд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Иймээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлтэй аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч, худалдагч нарт захирамжийн хэрэгжилтийг ханган, нууц далд аргаар худалдаалахгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.