Амьсгалын замын өвчин өнгөрсөн оныхоос буурчээ

ЭМЯ-ны мэдээлснээр, шинэ коронавирусний халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Тус өвчнөөр дэлхийд 3.5 сая хүн өвчилж, 248 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Энэ өвчний улмаас 2.1 сая хүн эмчлүүлж байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1041 хүн ажиглалтад байна. Ажиглалтын 10 байранд 2 их эмч, 25 резидент эмч ажиллаж байгаа юм.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Хабу, Энхсаран, Кантавр зочид буудалд тус тус байрлуулжээ. Одоогоор эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж.
ЗӨСҮТ-ийн баг уг онгоцоор ирсэн хүмүүсийн 350 ширхэг ачаа тээш, 700 кг карго, 12 тээврийн хэрэгслийг халдваргүйтгэжээ. Мөн өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч ажиллаж, 340 ажилтан, 4800 гаруй хүнд эрүүл мэндийн тандалт судалгаа хийсэн байна.
Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд өнгөрсөн 24 цагийн дотор 201 дуудлага иржээ. Швед улсаас нэг иргэн коронавирусээр халдварлаж, биеийн байдал хөнгөн байгаа тул 14 хоног гэрээр тусгаарлагдаж байгаа талаараа хэлж зөвлөгөө авчээ.
Нэгдүгээр сараас хойш иргэд амны хаалт зүүж, гараа тогтмол угааснаар өнгөрсөн оны мөн үеийнхээс амьсгалын замын өвчин 13 хувиар, томуу, томуу төст өвчин 3.1 хувиар буурсан байна. Иймээс иргэд гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, 1.5- 2 метр хүртэлх зайнд харилцах зэрэг зөвлөмжийг чанд дагаж мөрдөхийг ЭМЯ-наас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.