Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар муу байна

Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар муу байна
Ховд аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт ямар байгаа талаар тодрууллаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард зарим сумын нутгаар 3.2 мм тунадас орсон. Харин салхины хурд Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Цэцэг, Зэрэг суманд 18 м/с байв. Мөн салхи Ховд, Булган, Чандмань, Мөст, Манхан, Мөнххайрхан сумын нутгаар 15-16 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад сумын нутгаар 10-13 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна.  

Нийт сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш бэлчээрийн ургамал буюу хялгана, хазаар, агь, шарилж цухуйж, нүдлэх төдий байна.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ургамлын дундаж өндөр 1-2 см байна. Харин ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Сүүлийн үед хөрсний чийг бага, салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоногийн турш халсан. Тийм учраас ургамлын ургалтад таагүй нөлөө үзүүлж, удаашралтай байна.

Одоогийн байдлаар Эрдэнэбүрэн, Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйгаагүй байгаа аж.

Мөн нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 11-28 хувьтай, хэт хуурайшилтай байна. Үүнээс шалтгаалан гал түймэр гарах өндөр эрсдэлтэй. Иймд орон нутгийн иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.