Сөүлд шөнийн клубт илэрсэн халдвар 94 хүнийг хамарчээ
Дэлхийд коронавирусний халдвар хамгийн өндөр байгаа орнуудаар АНУ, Испани, ОХУ, Их Британи, Итали, Герман, Бразил, Турк, Иран, Францыг нэрлэж байна. Хойд хөрш ОХУ-д өчигдөр /2020.05.11/ 11600 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт халдварын тоо 221 мянга давжээ. Орост өдөрт дунджаар 10 мянган тохиолдол нэмэгдэж, халдварын тархалт тогтвортойгоор нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг хийж буй. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдрөөс /2020.05.12/ хязгаарлалтын зарим арга хэмжээг сулруулж байгаа талаараа мэдэгджээ. Путин орон нутгийн удирдлагуудад хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор холбогдох шийдвэрээ өөрсдөө гаргах эрхийг өгсөн байна.
ДЭМБ-ын Европын бүсэд Франц, Испани улсууд хязгаарлалтын арга хэмжээгээ шатлан сулруулж, зарим үйлчилгээг сэргээж байгаа бөгөөд Германд коронавирусний халдварын индекс буурчээ.
Түүнчлэн Австрали, Шинэ Зеланд зэрэг улс хөл хорионы дэглэмээ суруулж эхэлжээ. Австралийн холбооны улсууд хязгаарлалтын арга хэмжээгээ өөр өөр байдлаар цуцална гэсэн байна.
Тэгвэл БНСУ-д халдварын тархалт дахин сэргэж, нийт халдварын тоо 10936 болжээ. Сөүлийн шөнийн клубүүдээс үүссэн голомтот халдвар нийт 94 хүнийг хамарсан байна. Тэд шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд болон түүний гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ.
ДЭМБ улс орнуудад хандан цар тахалтай холбоотойгоор тогтоосон хөл хориогоо цуцлахдаа халдвар хяналтад бүрэн байна уу, дахин сэргэж байгаа аюулыг давж гарах уу, илрүүлж чадаж байна уу гэсэн гурван асуултад анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.