ДЭМБ: Вирус Хятадын лабораториос тархсан гэх мэдээлэл таамаглал хэвээр байна

“Шинэ коронавирус БНХАУ-ын лабораториос тархсан гэх АНУ-ын мэдээлэл ‘таамаглал төдий’ хэвээр байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райан даваа гарагт мэдэгджээ.
“Вирус Хятадын Ухань хотын лабораторид үүссэнийг батлах “том нотолгоо” манай Засгийн газарт бий” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ням гарагт мэдэгдсэн юм. Мөн тухайн өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын алдааны улмаас халдвар тархсан гэж мэдэгдсэн боловч ямар нэгэн тодорхой баримт дэлгээгүй байна.
М.Райаны мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар ДЭМБ-д вирусний үүслийн талаар ямар ч баримт нотолгоо ирүүлээгүй бөгөөд уг мэдээлэл таамаглал төдий хэвээр байгаа ажээ. Үүнээс гадна тэрбээр АНУ-ын эмнэлзүйн туршилтаар вирусний эсрэг “ремдесивир” эм өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдсоныг сайшаажээ.
АНУ-ын “Gilead” компани уг эмийг “Эбола” вирусийг эмчлэхийн тулд гарган авсан юм. “Ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахад үр дүнтэй байдал ажиглагдаж буйг Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга онцлоод, ДЭМБ-ын төлөөлөгчид уг эмийг олон нийтэд түгээхийн тулд АНУ-ын Засгийн газартай холбогдоно гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.