Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд 33.3 мянган тонн буудайн үр нөөцөлжээ

Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд 33.3 мянган тонн буудайн үр нөөцөлжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол батлав.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь, Ж.Энхбаяр болон ХХААХҮЯ, МХЕГ, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын холбооны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг өнгөрсөн сарын 25-26-нд Төв аймгийн Жаргалант сум, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хөтөл, Зүүнбүрэн, Шаамар сумын газар тариалангийн ажилтай танилцжээ. Ажлын багийг Д.Тэрбишдагва гишүүн ахалсан байна.

Хөдөө аж ахуйг дэмжих санд 2020 оны хаврын тариалалтад ОХУ-аас импортолсон 5 сортын 5000 тонн үрийн буудай, 2019 оны ургацаас 10 сортын 4460 тонн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд 33.3 мянган тонн буудайн үр нөөцөлжээ. Мөн ОБЕГ-т 7.5 мянган тонн үр байгаа бөгөөд хаврын тариалалтад 13.2 мянган тн үрийн улаанбуудай дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс үрийн буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор 15 мянган тонн буудайн үр авахаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулснаар нийт 17 аж ахуйн нэгж, байгууллагад 12.5 мянган тонн үрийн буудайн импортын зөвшөөрөл олгосон байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан ОХУ-аас нийт 5 сортын 5000 тн улаанбуудайн үр импортоор авахаар гэрээ байгуулжээ. МХЕГ ОХУ-аас импортлох 5 сортын улаанбуудайнд шинжилгээ хийсэн бөгөөд 10.2 хувь нь үрийн стандартын шаардлагад тэнцэхгүй, 30.2 хувь нь 3 дугаар ангийн, 35.5 хувь нь 2 дугаар ангийн, 24 хувь нь 1 дүгээр ангийн чанарын шаардлага хангаж, 68.4 тонн үрийн шинжилгээний хариу гараагүй байгааг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дурдлаа.  

ОХУ-аас Сэлэнгэ аймгийн 17 сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын нийт 100 гаруй өрхийн ногоочид хамтарч ОХУ-ын Доны Ростов Чебэксар Москва хотоос сонгины үр худалдан авч Алтанбулаг боомт руу ачуулсан боловч ОХУ-ын Онцгой комисс “COVID-19”-тэй холбогдуулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортдоо түр хугацаагаар хориг тавьсан тул хилээр оруулж чадахгүй байгаа аж.

Гишүүд Төв аймгийн тариаланчид, ногоочидтой уулзахад тус нутагт 2015 оноос хойш дараалсан ганд нэрвэгдсээр 5 жилийн хугацаанд Баянцогт, Эрдэнэсант сумд ургац авч, бусад газарт ургац алдсан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо гэсэн боловч  ямар ч арга хэмжээ аваагүй явсаар өдийг хүрчээ. 2017, 2018, 2019 онд 7, 8 сар гарч байж бороо орж ургац маань давхар соёололттой ургаж тэжээлийн будаа руу өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна.

Ажлын багийн тайланг сонссоны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Сүүлийн жилүүдэд үр тарианы бодлого алдагдсан тул салбарын яам нэн тэргүүнд анхаарч ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, үрийн будаа дутсанаас улсын хэмжээнд 100 мянган га газарт тариалалт хийхгүй өнжих тул хөрсний элэгдэл, эвдрэлийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимд эерэг нөлөөлтэй тэжээлийн үр тариа, буурцагт таримлын сэлгээ  хийх зэрэг бодлогын зохицуулалт хийх цаг болсон" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Үр тариа, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд зориулан нийт 150 тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй зээл олгох ажлыг салбарын яам шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Улмаар тариаланчдад 400 сая, ногоочдод 5 сая төгрөг хүртлэх гэж зээлийн дээд хязгаарыг тогтоох, хөдөө аж ахуйн техник технологийн нэмэх, стандартын шаардлага хангасан зоорь агуулахыг хаана, ямар бүс нутагт байгуулахыг "Чиглэл өгөх  тухай" тогтоолд товч тодорхой тусгах шаардлагатай" гэсэн саналтай байлаа. 

Ингээд УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусган найруулж, батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.