Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ шинэ замын тендер ШУДАРГА болсон гэв

Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ шинэ замын тендер ШУДАРГА болсон гэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих хоёр эгнээ авто замын барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаандаа  эхлүүлэхээр ажиллаж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. 

Өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошниктэй уулзахдаа  уг асуудлаар санал солилцжээ.

Тодруулбал, тус чиглэлийн авто замын төслийн явц байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид Монгол Улсын зам, тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцсэн аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих хоёр эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэжээ. Мөн уулзалтаар талууд Зам, тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаад, тээвэрлэлтийн нөхцөл боломжийг сайжруулах шаардлага тулгарч байгааг онцлов. Энэ хүрээнд Дархан-Алтанбулаг, Говь-Алтай-Завхан болон бусад чиглэлийн авто замын төслүүд дээр хамтран ажиллах, үе шаттай хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.

Сануулахад, Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд  гарын үсэг зурсан.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож байгаа юм. Эхний ээлжид Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам болгоно гэсэн мэдээллийг өгч буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.