Бага насны хүүхдийг ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бага насны хүүхдийг ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, ялангуяа өглөөний цайгаа тогтмол ууж хэвших, биеийн тамирын дасгал  хөдөлгөөнийг  эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай унтаж амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх хэрэгтэй бөгөөд их даарснаар хүний бие цочролд орж дархлаа муудсанаар ханиад амархан тусдаг байна.Үүнийг монголчууд дээр үеэс гүнзгий мэдэрч “Дулаан яввал мянган лан’ гэж үр хүүхдэдээ заан сургадаг байжээ.
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх. Учир нь ханиад томуу агаар дуслын замаар халдварладаг.
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд  түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон нимбэгний  шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх.Хоолоо гал дээрээс авсан хойноо жижиглэсэн сармисаа хийн халуун шөлөндөө хандалж дэвтээн  хэрэглэхэд сармисны эмчилгээний үйлдэл нь хадгалагддаг.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамедин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж хэвших шаардлагатай байдаг.

 

 

 

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадалгаа авч, гэртээ эмчлүүлээрэй.
  • Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх.Ялангуяа давс багатай сармистай шөл халуунаар нь өдөрт 3-аас доошгүй  удаа уух
  • Ханиад хүрсэн үедээ сахарлаг шингэн бага уух хэрэгтэй.Учир нь сахар нь цусны орчныг хүчиллэг болгож дархлаа мууддаг тул ханиад хүрсэн үедээ сахаргүй аарц, сахаргүй халуун чацарганы шүүс, сахар агуулаагүй ханиадны шахмал эм минигрипп, миксагрипп, проколд зэргийг сонгох нь зүйтэй байдаг.
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах. Ханиахдаа амаа гараараа дарахгүй алчуураар халхалж ханиах ба уг алчуураа угааж, индүүдэж ариутгаж байх
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд   минигрипп, миксагрипп, проколд, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.