Бөөрний өвчлөлийн тухай

Бөөрний өвчлөлийн тухай

Таны бөөр өвдөж байна уу? Таны бөөр өвдөж байна гэж сэжиглэж байна уу? Та бөөрөө хэрхэн мэдэх вэ? – Эдгээр асуултад тань хариулт өгч энэхүү сэдвийг таны эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна.

Юуны түрүүнд бөөр гэдэг эрхтэн маань багана нурууны хоёр талд хэвлийн хөндийд ар,  бүсэлхийн дээрх  хэсэгт хавиргаар хамгаалагдан байдаг атгасан гарны хэмжээтэй (ойролцоогоор 11 см урт, 7 см өргөн, 2.5 см зузаан вандуй хэлбэртэй, 250-300 гр жинтэй) хос эрхтэн юм. Үйл ажиллагааны хувьд бөөр нь даавар ялгаруулж даралт болоод цусанд агуулагдах кальци, фосфор, витамин Д-ийн тэнцвэртэй байдлыг хангахаас гадна цус үүсэлтэнд чухал нөлөөтөй байдгаараа дотоод шүүрлийн үүрэгтэй байдаг. Нөгөө талаараа ус, давс, эрдсийн солилцоог, хүчил шүлтийн харьцааг хэвийн түвшинд барьж биеээс хорт нэгдлүүдийг гадагшлуулж, өөрөөр хэлбэл биед хэрэгтэй уураг, эрдэс бодис зэргийг шүүн авч, харин бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шээг (мочевин), азот зэргийг гадагшлуулсанаар ялгаруулах, цэвэршүүлэх үйлдэлтэй байна.

Бөөрөөр нэг минутанд 1.2 л, өдөрт 1800 л цус үүгээр өнгөрөхдөө хорт бүтээгдэхүүнээ усны хамт бөөрөнд үлдээнэ. Бөөрний үйл ажиллагааны дараагийн чухал хэсэг нь сувганцар ба эдгээрийн төгсгөл хэсгүүд нь хоорондоо нийлэн өргөсөж, шээс цуглуулах хоолой болж, бөөрний тэвшинцэр хэмээх хөндийд цутгана. Эндээс шээс дамжуулах шээлэйгээр дамжиж давсагт орно. Давсган дахь шээсний хэмжээ ихсэн, тодорхой түвшинд хүрэхэд, давсагны хананд даралт учруулан рефлексийн замаар агшилт өгч шээс хүрдэг. Бөөр асар нь их цусан хангамжтай тархи, элэг, зүрх зэрэг эрхтнүүдээс цусан хангамжаараа 6-8 дахин их байдаг. Цусан хангамжийн энэ давуу байдал нь бөөрний хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө.

Тэгэхээр дээрх үйл ажиллагаа нь хүний амьдралын туршид цаг минут тутамд явагдаж эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Гэвч эдгээр үйл ажиллагаа нь гэмтэл бэртэл, төрөл бүрийн халдвар, үрэвслийн шалтгаанаас үүдэн алдагдаж болно. Жишээлбэл хэвлийн хөндийн ойролцоох эрхтэнүүд үрэвсэн түүнээс дамжин бөөрөнд халдварлан үрэвсэж болох юм. Мөн өгсөх замын халдварууд бөөрний өвчлөлийн тодорхой хувийг эзэлж байдаг. Өгсөх замын халдвар гэж доороос дээш дамжин халдвар тархахыг хэлдэг бөгөөд бэлгийн замын халдварт өвчнүүд, шулуун гэдэс орчмын идээт үрэвсэл, төрөх үеийн болон сарын тэмдэг ирэх үед умайн амсар үл ялиг нээгдэх үед үтрээнээс дээш орсон халдвар зэргийг хэлдэг. Бөөрний эмгэгүүдийн дотроос хамгийн элбэг тохиолддог нь бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит юм. Пиелонефрит зөвхөн өгсөх замаар төдийгүй хоолойн архаг өвчин /ангина/, шүд хорхойтох /кариес/, тэрчлэн халдварт ханиад томуу, корь, салхин цэцэг, гахайн хавдар зэрэг өвчнүүдийн хүндрэл байдлаар илрэх нь цөөнгүй.

Бөөрний өвчлөлийн бас нэг хэлбэр нь түүдгэнцэрийн үрэвсэл буюу гломерулонефрит юм.Энэ хэлбэр нь тодорхой хугацааны  (5-10 жил, түүнээс их ч байж болно) дараа эцэстээ бөөрний архаг дутагдалд (БАД) хүргэдэг.   Хоёр бөөрийг хамарсан давшингуй явцтай архаг өвчний зайлшгүй төгсгөл нь БАД юм. Гэхдээ хэдий хугацааны дараа бөөрний дутагдалд орох нь олон зүйлээс шалтгаална. Тухайлбал уул өвчин эмгэгийн явцын онцлог, эмчилгээ хяналтын түвшин, хавсарсан эмгэг өвчин, уул өвчтний өөрийн дэглэм зэрэг болно. БАД-ын эмнэл зүйн илрэл нь хожуу гардаг. Бөөрний нийт нефроны (бөөрний бүтэц, үйл ажиллагааны нэгж)  50 хувь нь ажилгүй болоод байхад өвчтөнд шинж тэмдэг мэдэгдэхгүй байдаг. Харин нийт нефроны 30 хувь үлдэж, бөөрний шүүлтийн түвшин 30-40 хувь болох үед л цусанд азотын бодисын хэмжээ өсөж, эмнэл зүйн эхний шинжүүд сая мэдэгдэж эхлэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.