Шар айрганд дурлагсдыг ямар ирээдүй хүлээж байна вэ?

Шар айрганд дурлагсдыг ямар ирээдүй хүлээж байна вэ?

Шар айраг үйлдвэрлэгчид бүтээгдхүүнээ магтан сайшаах. В төрлийн амин дэмээр баялаг, ямар ч хоргүй, ашиг тустай ундаа хэмээн өдөр шөнөгүй үглэсээр биднийг бүр итгүүлчихээд байгаа нь нууц биш. Үүний үр дүнд бид хүүхэд залуусаа пиво уухыг нь хорих тухай боддог ч үгүй, өөрсдөө ч амралт зугаалгыг пивогүйгээр төсөөлж чадахаа байжээ.

Шар айрагны архидалт

Архи уудаг хүнийг л бид архичин гэхээс “пивочидийг” архичид гэдэггүй билээ. Нэг шил шар айрганд 50 – 60 гр. алкохол байдаг тухай санадаг ч үгүй. Өдөрт 4 шил шар айраг уудаг хүн 200 гр. архи ууж байгаатай адил гэсэн үг.

Шар айрагны архидалт гэсэн нэр томъёо аль эрт дээр үеээс бий болсон билээ. Шар айргийг гэмгүй ундаа гэж ихэнхи хүмүүс боддог ч шар айрагны дон бие организмд архинаас дутуугүй, харин ч архинаас илүү хор хүргэдгээс гадна түүнийг эмчлэхэд нэн хэцүү байдаг гэж мэргэжлийн эмч нар баталж байна.

19-р зуунд Европын улс орнуудын удирдагчид цугларч архидалттай тэмцэх арга замыг хэлэлцэж хатуу ундааг шар айргаар шахахаар шийдэж байв. Бага алкохолтой учраас хор багатай гэж үзжээ. Гэтэл шар айрагны архидалт архиныхаас улам хэцүү бөгөөд улам хурдан донтдог болох нь хэдэн жилийн дараа мэдэгдэв. Алкохолд донтох байдал Европ даяар улам их тарсан гэдэг. Германы рейхсканцлер Бисмарк шар айрагны хор уршгийг “Шар айрагнаас болж залхуу, тэнэг, хүчгүй болдог” хэмээн голыг нь олж тодорхойлсон байдаг.(“хүчгүй” гэдэг нь бэлгийн сулралыг хэлсэн хэрэг). Германы архичидын ихэнхи нь шар айрагчид байдаг. Шар айрагны дон архиныхаас аюултай, учир нь гэмгүй царайлан, сэмээрхэн ирдэг. Пивог хүмүүс болгоомжлох ёстой айхтар ундаа гэж тооцдоггүйгээс хаширлаж болгоомжлолгүйгээр хаа сайгүй ууж байдаг: хүүхэд залуус, охидууд ч гудамжинд шар айраг “хөхөөд” сууж байдаг нь түгшүүр дэлдүүлж байна. Архинд орохоос болгоомжлон өдөр бүр уугаад байдаггүй, харин шар айргийг “ийм өөдгүй зан” гаргана гэж төсөөлдөггүй учраас өдөр бүр уусан ч болно гэж боддог. Шар айраг уух улам дуртай болж байгаагаа анзаарсан ч үүнийгээ дон гэж боддоггүй болохоор өөрийгөө энэ аюулаас татаж авах, үүнтэй тэмцэх тухай боддоггүй, нэг л мэдэхэд шар айрагны архичин болчихсон байдаг. Ийнхүү, гэмгүй царайлж байгаад алдаг ундаа бол – шар айраг юм.

Шар айраг – элэг зүрхний алуурчин

Шар айраг зүрхэнд хамгийн аймшигтайгаар нөлөөлдөг. Шар айрагны донд автсан хүний зүрхний хана зузаарна, дотоод хөндийнүүд сунан томорч, зүрхний булчин зохих байдлаар агшиж цусаа шахаж чадахаа байдаг бөгөөд ийм зүрхийг “Шар айрагны зүрх”, “Үхрийн зүрх” гэж томъёолдог. Зүрхний энэ өөрчлөлт шар айрагны хөөсийг тогтворжуулан барих зорилгоор хэрэглэдэг кобальттай холбоотой гэдэг нь батлагдсан асуудал. Энэ зүрхэнд хортой химийн элемент пивочин хүний зүрхний булчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин ихээр хадгалагдаж байдаг. Үүнээс гадна кобальт нь пивочдын улаан хоолой болон ходоодонд элдэв үрэвсэлт процессыг өдөөдөг. Мөн пивонд нүүрсхүчлийн хий ихээр агуулагдаж байдаг нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Уусан пиво маш хурдан хугацаад судсыг дүүргэн хананд нь хэт их ачаал өгдөг учраас энэ нь судас бүдүүрэх, зүрх томроход хүргэдэг.

Пивонд дурлагсадын элэг томрох байдал бол – хэвийн үзэгдэл гэхэд болно. Цаашид даамжирсаар элэгний циррозонд хүргэнэ.

Шар айраг – гормоны алуурчин

Шар айрганд байдаг хүнд металлын давснууд хүний гормон ялгаруулдаг булчирхайн системд маш ихээр нөлөөлдөг. Байнга шар айраг уудаг эрэгтэй хүний организмд эр гормон тестостероныг дарангуйлагч бодис ялгардаг. Мөн пивонд өөрт нь эм гормоны аналог фитоэстроген хэмээх бодис байдаг. Энэ бүхэн эрэгтэй хүнийг эмэгтэйлэг болгодог: эмэгтэй хэлбэрээр таргалан гуя бэлхүүсээр өөхлөнө, хөх томроно, ташаа томроно гэх зэргээр гаднаа ч, дотроо ч, гены түвшинд эмэгтэйлэг болж ирдэг. Эсрэг хүйстнээ сонирхохоо ч больдог. 20 жил “пиводоход” – бэлгийн сулралд баталгаатайгаар хүрнэ. Байнга пиво уудаг эмэгтэйчүүд үргүйдэл, хөхний хавдар зэргээр өвчлөх магадлал ихтэй болдог аж.

Шар айрагны хор нөлөө бүхий л эрхтэн дээр илэрдэг: тархи хатангирч багасах, сэтгэн бодох чадваргүй болох, нугасны ажиллагаа алдагдах, элэг, бөөр, нойр булчирхай, ходоод, хараа сонсгол сулрах гээд дурдаад дуусашгүй олон зүйл байдаг. Харамсалтай нь шар айрагчин – архичид тартагтаа тулсан хойноо эмчлүүлэхээр ирдэг нь эмчилгээг хүндрүүлдэг.

Шар айраг үйлдвэрлэгчид гоё рекламыг уйгагүй цацан бидний хүүхдүүдийг багаас нь өөрийнхөө бүтээгдхүүний донтон болгохоор хүмүүжүүлж байгааг болгоон бодох хэрэгтэй. Охидод зориулсан хөнгөн шар айраг, жолооч нарт зориулсан алкохолгүй шар айраг гээд бүх насныхныг өөрийн хэрэглэгч болгох зорилгоор янз бүрээр нь үйлдвэрлэж байна. Хүүхэд залуучуудынхаа эсрэг дайн зарлаа юу даа, бид чинь?

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.