КОВИД-19 I Халдвараас хамгаалах хамгийн сайн аргыг нэрлэв

КОВИД-19 I Халдвараас хамгаалах хамгийн сайн аргыг нэрлэв

Коронавирусний халдвар агаар-дуслын замаар тархдаг билээ. Бүх хүн зөвлөмжийг дагаж мөрдвөл “COVID-19”-ийн халдварыг зогсоож болно гэж Оросын эрдэмтэд баталж байна. Одоогоор халдварын 93 тохиолдол бүртгэгдээд байгаа ОХУ-ын иргэд сандарч тэвдэхгүй байгаа нь сайн ч залуу үеийнхний дунд коронавирусний халдварыг тоохгүй, хайхрамжгүй хандлага байгааг хойд хөршийн эрдэмтэд хэлж байна.

Иргэн та өөрийгөө болон ойр дотнынхноо коронавирусний халдвараас хамгаалах арга хэмжээг байнга дагаж мөрдөөрэй. Эрдэмтдийн дүгнэж байгаагаар энэхүү вирусний халдвараас хамгаалах хамгийн шалгарсан арга нь юу юм бол?

Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Борис Ревич маск зүүх нь хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргааны талаар ийнхүү дүгнэжээ.

“Маск зүүх нь их нөлөөтэй биш ч гэсэн зүүх хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна. Хэрвээ танд маск байхгүй бол хүзүүний ороолтоороо хамар, амаа халхал” гэж анагаах ухааны доктор Борис Ревич ярьж байна. Шинжээчийн дүгнэж байгаагаар зүрхний өвчин эмгэгтэй хүмүүст маск зүүх нь хэцүү. Маск амьсгалахад амаргүй болгодог ч цар тахлын үед энэ хүндрэлтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин маскаа байнга солих хэрэгтэй. Хамгийн энгийн маск нь нэг цагийн турш хамгаалж чаддаг бол үнэтэй маскууд дөрөв хүртэлх цагаар “ажилладаг”.

Борис Ревич коронавирусний халдварын тархалтын үед мөрдөх ёстой бусад зөвлөмжийг ийнхүү тодорхойлжээ. Үүнд: бага үнсэлцэх, бага танилуудтайгаа уулзахдаа тэвэрч мэндчилэхгүй байх, олон нийтийн газар нэг нэгнээсээ хол зайтай явах, автобус, метро зэрэг нэгнээсээ хол зайг барих боломжгүй тээврийн хэрэгслээр зорчихдоо нүүр нүүрээ харан зогсох, суухаас аль болох зайлчхийх зэргийг багтаажээ.

Найтаахдаа гарын шууны дотор тал руу найтаах, гараа савандаж угаах зэрэг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг бид аль хэдийнээ сахиад сурчихсан.

Оросын Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор Иван Коноваловын дүгнэж буйгаар шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдтэй адил болох зэргээр байнгаа мутацид орж байгаа аж.

Одоогоор вакцин туршигдаж байгаа ч вирусний аюул заналхийлэл арилаагүй байгааг санаж, болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй юм.

Залуу үе коронавирусний халдварын тархалтад хайхрамжгүй хандаж байгаагаасаа болоод эмнэлэгт хандахгүй, өөрийгөө тусгаарлахгүй байгаа аж. Энэ нь “COVID-19”-ийн халдварын тархалтад маш их нөлөө үзүүлж байгааг Оросын эрдэмтэд хэлж байна.

Коронавирусний халдвар дэлхийн 140 гаруй улсад бүртгэгдэж, 153 мянган хүнд халдварлаад байна. Өвчний улмаас 5700 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.