Ам цангах нь заримдаа өвчний шинж байдаг

Ам цангах нь заримдаа өвчний шинж байдаг

Товчдоо бол шингэн уулгүй ам хатаж хуурайшин, ямар ч хамаагүй шингэн зүйл уух хүсэл төрөхийг ам цангах гэж нэрлэдэг. Хүний бие эрхтний ихэнх хэсгийг ус эзэлдэг болохоор байнга хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Шингэн дутагдсанаас болж эд, эсийн доторх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаж үүнээс шалтгаалсан хэд хэдэн эмгэг үүсэх эрсдэл дагуулдаг.

Ам цангах үзэгдэл эрүүл, өвчтэйгээс үл хамааран хүн бүрт л тохиолдох учир төдийлөн анзаарч эмнэлэгт хандалгүй явсаар далд явцтай өвчнийг хүндрүүлэх нь цөөнгүй. Ихэнх өвчний үед хүн халуурах бөгөөд энэ үед биеэс шингэн ууршин гарах учир ам хатаж цанган, хэл хуурайшдаг. Тиймээс хүнд өвчтэй хүмүүст шингэн сайн уух, чадахгүй бол судсаар, клизмээр шингэн сэлбэдэг нь эд эрхтний түвшинд байсан шингэний дутагдал даамжирч эсийн түвшинд хүрэхээс сэргийлсэн арга хэмжээ мөн. Тэрчлэн давс ихтэй хоол, хүнс хэрэглэсний дараа, архинд шартсан үед, эсвэл биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийсний дараа ам цангах нь эмгэг биш.

Мөн эмчийн заавраар шээс хөөх төрлийн эм уусны дараа олон дахин шээж, улмаар ам цангадаг. Энэ тохиолдолд даралт буулгах, бөөрний ажиллагааг сэргээх, заримдаа давсаг, бөөрөн дэх жижиг элсэн чулууг хөөж гаргах ач холбогдолтой байх тул эмчийн зааврыг даган шингэн их ууж цангаагаа тайлах эсэхээ шийдүүлэх хэрэгтэй. Учир нь даралт ихдэн буулгах зорилгоор даралт бууруулах эм уусан бол их шингэн ууж хэрэггүй байдаг талтай. Гэмтэл болон цус их гарах мэс засал, хүндрэлтэй төрөлт, сарын тэмдэг алдагдан хэмжээ нь ихсэх, шүд, буйлнаас байнга бага багаар цус гоожих зэргийн улмаас цус багадаж, ам цангах нь цөөнгүй. Ийм үед үндсэн өвчнийг эмчлэхийн зэрэгцээ амаар, судсаар гэхчлэн шингэн сэлбэж байж амны цангааг тайлдаг.

Ам байнга цангах нь ихэнхдээ чихрийн шижин болон чихрийн биш  шижингийн аль алинд нь хамгийн түрүүнд илрэх шинж нь байдаг юм. Шингэн уугаад байсан ч ам ойр ойрхон цангаад байвал эмнэлэгт үзүүлж цусан дахь, шээсэн дэх чихрийн хэмжээг тогтоолгох нь зүйтэй. Ам цангахын хэрээр их шингэн уух тул олон дахин шээж, ялангуяа шөнийн цагт 1-2 түүнээс дээш удаа бие засаж байвал чихрийн шижин байх бүрэн магадлалтай. Гэхдээ бөөрний эмгэг, давсагны үрэвслийн /цистит/ үед ойр ойрхон олон дахин шээж, ам бага зэрэг цангах нь бий. Ялгаатай нь шээсний хэмжээ маш бага буюу уусан шингэний хэмжээнд хүрэхээргүй байдаг. Бас ам цангах нь нас ахих тутам бодисын солилцоо удаашран нэмэгддэг бол бага насны хүүхдүүдэд бодисын солилцоо хурдан явагддагтай холбоотой ам нь цангаж шингэн их уухыг хүсдэг нь жам ёсны эрүүл үзэгдэл.

Амны цангааг тайлахын тулд хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйл их уух нь үр дүн бага. Тухайн үедээ цангаа тайлагдах мэт боловч тун удалгүй дахин цангадаг. Тэр дотроо кола цангаа тайлахдаа муу. Зарим кола тэр дотроо өмнөд хөршид хийсэн зарим кола уусны дараа ам хуурайшин аргаж, дахин уумаар санагдах хандлагатай байдгийг хүмүүс андахгүй. Өөрөөр хэлбэл, найрлагад нь байх бодисын хэмжээ алдагдсан гэж үзэж болно. Ерөнхийдөө ам цангах нь хордлогын шинж байх талтай. Тиймээс ердийн ам цангалтыг бүлээвтэр хар цай, хярам, хүйтэн цэвэр ус сайн тайлахаас гадна биед хор нөлөөгүй байдаг. Эмч шингэн их уухыг хориогүй л бол аль ч насныхан цай, цэвэр ус сайн ууж байх нь бөөрний үйл ажиллагааг сэргээх, биеэс хэрэгцээгүй бодисыг гаргах ач холбогдолтой. 

Олхонууд ШААБАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.