Ираны “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замд цаазаар авах ял оноолоо

Ираны “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замд цаазаар авах ял оноолоо

Ираны Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан, гадаадын тагнуулуудтай хамтран ажилласан хэрэгт сэжиглэгдэж буй “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замд цаазаар авах ял оноолоо гэж тус улсын Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаили мэдээлжээ.

"Tasnim" агентлагийн мэдээлж буйгаар, дээрх шийдвэр одоогоор эцэслэн гараагүй бөгөөд яллагдагч давж заалдах боломжтой байна.

Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус Рухолл Замыг баривчилсан тухай 2019 оны 10 дугаар сарын дундуур мэдээлжээ. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааг идэвхтэй сурвалжилж мэдээлж байсан байна. “IRNA” агентлагийн мэдээлж буйгаар, түүнийг “хувьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулсан”, Франц, АНУ, Израилын тагнуулуудтай хамтран ажилласан хэргээр баривчилжээ. 

Үйл ажиллагаагаа гадаадаас явуулдаг Ираны сэтгүүлч, идэвхтэн гэдгээрээ алдартай Рухолл Зам нь Парис хотод амьдарч байсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ. Гэхдээ түүнийг хаана, яаж баривчилсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.