Бельгийн хаан: Конгыг колоничилж байсанд харамсаж байна

Бельгийн хаан: Конгыг колоничилж байсанд харамсаж байна

Бельгийн хаан Филипп Бельги улс 1885-1960 оны хооронд Конгыг колоничилж байсанд харамсаж буйгаа анх удаа албан ёсоор илэрхийлжээ.

Тэрбээр өнөөдөр /2020.06.30/ тэмдэглэж буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Бельгийн колоничлолоос тусгаар тогтносны 60 жилийн ойтой холбогдуулан тус улсад хийх айлчлал нь өнөөгийн нөхцөл байдалд тохиромжгүй гэж үзэн татгалзсан байна.

Энэхүү ойтой холбогдуулан Конго улсын Ерөнхийлөгч Феликс Сичекедид илгээсэн захидалдаа Бельгийн хаан “1885-1908 оны хооронд үйлдсэн хүчирхийлэл, хэрцгийлэл бидний ой санамжид хүнд ачаа болон үлджээ. Үүний дараа үргэлжилсэн колоничлолын үе мөн л зовлон шаналал, доромжлолыг авчирсан. Өнөөдөр бидний нийгэмд хэтэрхий ойр ойрхон илэрч буй ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй шарх, зовлон шаналлыг өнгөрсөн үед үлдээсэнд гүнээ харамсаж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэртэй тууштай тэмцэх болно” гэж бичжээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Black lives matter” хөдөлгөөн энэ сарын эхээр Бельгид өрнөж, Бельгийн хаан II Леопольдод зориулан босгосон хөшөөнүүдийг сүйтгэсэн билээ. 1884-1885 оны хооронд тэрээр Берлинд болсон олон улсын бага хурлын үеэр Конго мөрний сав газрын ихэнх хэсгийг дипломат аргаар Бельгийн хяналтад шилжүүлж чаджээ. Колоничлогчид нутгийн ард иргэдийн эсрэг тухайн үеийн Африкийн хэмжүүрээр хүртэл туйлын хэрцгий залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг байсныг түүхэн баримтууд гэрчилдэг. Колоничлолоос олсон орлогыг Леопольд II хаан Бельги улсын аж үйлдвэрийн хөгжилд зарцуулж, өдгөө тус улсын бахархал болсон нийтийн болон соёлын барилга, байгууламж барихад зориулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.