Далайн ван, Тэнгэрийн ван гараг дээр очир алмазаар бороо ордог
АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид Далайн ван, Тэнгэрийн ван гараг дээр жинхэнэ очир эрдэнээр бороо ордог болохыг туршилтаар баталжээ. Эл хоёр гараг мөсөн гараг эрхэст ордог ч бодит байдал дээр эдгээрийг бүрдүүлдэг бодис нь шингэн, хийн төлөвт байдаг ба температур нь олон мянган хэмд хүрдэг байна. Далайн ван, Тэнгэрийн ван гарагийн агаар мандал гол төлөв гелий, устөрөгчөөс бүрддэг хэдий ч гүнд нь метан зэрэг илүү хүнд элемент, бодис байдаг аж. Таамаг ёсоор, долоон мянган км гүнд агаарын температур болон даралт асар өндөр тул метан нь нүүрстөрөгч, устөрөгч болон задардаг аж. Ингэснээр илүү хөнгөн устөрөгч агаар мандал руу хөөрч, нүүрстөрөгч хүрээлэн буй орчны нөлөөнд очир алмазан талст болж, эсрэгээр цөмд тунадаг байна.
Энэ онолыг батлахыг тулд Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид Тэнгэрийн вангийн гүн дэх нөхцөлтэй төстэй орчныг бүрдүүлжээ. Ингэхдээ метаны (CH4) оронд стирол (C8H8) гэх бодисыг ашигласан байна. Энэ бодисын физикийн шинж нь асар өндөр температур, даралтын нөлөөнд метаны хувирдаг бодистой төстэй гэнэ. Туршилтын үр дүнд стиролд агуулагдаж буй нүүрстөрөгч очир эрдэнэ болж хувирсан бөгөөд үлдсэн хэсэг нь цэвэр устөрөгч болжээ.
Мөсөн гарагс дээр очир эрдэнэ бий гэсэн онол олон арван жилийн өмнө гарсан бөгөөд түүнээс хойш туршилтаар ч тэр, тооцооллоор ч тэр батлагдаж байжээ. Манай нарны аймгийн хамгийн алслагдмал гарагс болох Далайн ван, Тэнгэрийн ван харьцангуй бага судлагджээ. Дэлхийгээс асар хол орших эдгээр гарагт зөвхөн “Voyager-2” сансрын аппарат хүрч чадсан. Гэхдээ эл аппарат эдгээр гарагийг судлах даалгаваргүй байсан тул хажуугаар нь өнгөрч байжээ.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээллээр, Тэнгэрийн заадаст Далайн Ван, Тэнгэрийн вантай төстэй мөсөн гарагсын тоо Бархасбадь, Санчир зэрэг хүйтэн гарагсаас арав дахин их байдаг аж.
Энэхүү шинэ нээлт эрдэмтдийн бас нэг таамгийг баталж байна. Учир нь Далайн ван гараг нарнаас 2.6 дахин их эрчим хүч ялгаруулдаг байна. Хэрэв тус гарагийн цөмд очир алмаз үнэхээр тунаж, хуримтлагддаг бол эдгээрийн таталцлын хүч бусад материалтай үрэлцэх явцад дулааны эрчим хүч болж хувирч, улмаар гараг асар хүчтэй халдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.