Япон дахь АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусний халдвар тархсаны улмаас хөл хорио тогтоожээ.

Япон дахь АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусний халдвар тархсаны улмаас хөл хорио тогтоожээ.

Японы Окинава мужид байрладаг АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусний халдвар тархсаны улмаас хөл хорио тогтоосон талаар мужийн захирагч Дэнни Тамаки мэдээлжээ.

“Кэмп-Хансэн бааз болон Фүтэмма агаарын бааз хорио цээрийн байдалд байгаа” гэж тэрбээр мэдээлснийг “Kyodo” агентлаг уламжилжээ. Америкийн талаас Окинавагийн эрх баригчдад ирүүлсэн тайланд дурдсанаар, тус мужид байрлаж буй АНУ-ын цэргүүдийн дунд долоодугаар сарын 7-11-ний хооронд халдварын 61 тохиолдол бүртгэгдсэн байна. 

"Тайланг аваад би их цочирдсон. Энэ бол үнэхээр харамсалтай. Вирусийн тархалтыг хязгаарлах талаар Америкийн цэргүүдийн авч буй арга хэмжээнд ихээхэн эргэлзэж байгаагаа хэлэхээс аргагүйд хүрч байна" гэж мужийн захирагч цохон тэмдэглэжээ. Тэрбээр мөн АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан долоодугаар сарын 4-нд америк цэргүүд мужийн хотуудын зугаа цэнгээ, наран шарлагын газруудад үдэшлэгт оролцсон тухай мэдээлэл Окинавагийн эрх баригчдад ирснийг хэлсэн байна. 

“NHK” телевизээр өмнө нь мэдээлснээр, Окинава дахь Америкийн цэргүүдийн дунд илэрсэн халдварын тохиолдлын тоо 148-д хүрчээ.

Коронавирус тархах эрсдэлтэй байгаагийн улмаас Японд байрлаж буй АНУ-ын тэнгисийн явган цэргийн командлал долоодугаар сарын 10-нд цэргийн баазууддаа тогтоосон хязгаарлалтуудыг буцаан сэргээж, цэргүүдэд баазын доторх тусгай таксигаас өөр нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчихыг мөн баазаас гадуур кафе, зоогийн газруудад очихыг хориглосон байна.

Японд коронавирусээр халдварласан нийт хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 21 мянга давж, 995 хүн нас барсан бол 18 мянга орчим хүн эдгэрчээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.