Иран Украины "Boeing" онгоцны ослын шинэ шалтгааныг нийтлэв

Иран Украины "Boeing" онгоцны ослын шинэ шалтгааныг нийтлэв

Өнгөрөгч нэгдүгээр сард Украины нисэх онгоцыг андуурч сөнөөсөн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг өмнө нь нүүлгэж шилжүүлсний улмаас тохиргоо нь алдагдсан байсан гэж Ираны Иргэний агаарын тээврийн байгууллагын ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын талаарх нэмэлт тайланд дурдсан байна. Тайланг бямба гарагт нийтэлжээ.

“Тегераны агаарын довтолгооноос хамгаалах цогцолборуудын нэгийг нүүлгэн шилжүүлсэн. Үүний улмаас цогцолборын газарзүйн байрлал, чиглэл өөрчлөгдөхөд хүрсэн. Нүүлгэн шилжүүлсний дараа дахин тохируулгыг хийгээгүй” гэж тайланд тэмдэглэсэн байна.

Буруу тохируулгын улмаас цогцолбор Украины нисэх онгоцыг баруун өмнөд чиглэлээс Тегеран руу хөдөлж буй объект гэж андуурчээ. Харин тухайн үед онгоц Ираны нийслэлээс хөөрсөн байсан гэж тайланд дурджээ.

Америкийн цэргүүдийн байрлаж буй Иракийн баазуудад Иран улс өнгөрөгч нэгдүгээр сард пуужингийн цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Украины “Boeing 737-800” нисэх онгоц осолдож, 176 хүн амиа алдсан юм. Украины нийслэл Киев хотыг зорин хөөрсөн уг онгоцонд Ираны 82, Канадын 63, Украины 11 /нислэгийн багийн есөн гишүүн/, Шведийн 10, Афганистаны дөрөв, Германы гурав, Их Британийн гурван иргэн зорчиж явжээ. Украины онгоц пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэж Өрнөдийн орнуудын удирдагчид мэдэгдэж байсан билээ. Ираны эрх баригчид энэ мэдэгдлийг няцааж байсан боловч Украины онгоцыг андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрсөн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.