АНУ-ын 33 мужид эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ
АНУ-ын 50 муж улсын 33-т "COVID-19"-ийн цар тахлын халдвар нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
АНУ-д коронавирусний нийт халдвар авсан хүний тоо 3 сая 236 мянга болж, 134 мянга 500 гаруй хүн энджээ. Өнгөрсөн 24 цагийн дотор Калорида, Калифорни муж улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэн байна.
ДЭМБ-аас мэдээлснээр өчигдөр дэлхийн хэмжээнд коронавирусний 130 мянга 300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 5200 гаруй хүн нас баржээ. Коронавирусний халдварын тохиолдлын дийлэнх хувь АНУ, Бразил, Энэтхэг улс болон Өмнөд Африкт бүртгэгдээд байна.
БНЭУ-д өчигдөр 28 мянга 600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 850 мянга шахам боллоо. Коронавирусний халдвар хүн ам ихтэй томоохон хотуудад нэмэгдэж байгаа тул хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.
ӨАБНУ нь Африк тивд бүртгэгдсэн нийт халдварын 40 гаруй хувийг эзэлж байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд тогтмол 10 мянгаас дээш тохиолдол шинээр бүртгэгджээ. Коронавиурсний халдвар нэмэгдэхийн хэрээр тус улсын эрүүл мэндийн салбарт ачааллаа дийлэхгүй болж байгаа талаар мэдээлсэн.
Номхон далайн баруун бүсэд Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн дотор 279 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1 хүн эндлээ. Япон улсад ням гаригт 409 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол БНСУ-д 62 хүн коронавирусээр халдварласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.