Гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ

Гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ

Гадаадын орнуудад чиглэсэн ялгаварлан гадуурхах бодлогоо зөвтгөхийн тулд АНУ-ын Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг шалтаг болгохоо зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ. Америкийн зах зээл дээрх Хятадын компаниудын үйл ажиллагааг удахгүй хязгаарлана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэнтэй холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

“АНУ улс төрийн аливаа нөхцөлд гадаадын компаниудад шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлдэг. Ингэх нь зах зээлийн эдийн засгийн зарчимтай нийцэхгүй. Мөн энэ нь давхар стандартын бодлогын нэгэн тод жишээ бөгөөд ил тод, нээлттэй байдал, ялгаварлан гадуурхалтаас татгалзах зэрэг Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудыг зөрчиж буй явдал юм. Үүнтэй холбогдуулан Хятад эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. АНУ эдийн засгийн асуудлуудаа улс төржүүлхээ больж, ялгаварлан гадуурхсан бодлогоо зөвтгөхийн тулд үндэсний аюулгүй байдлаа хангаж байна гэсэн шалтаг тавихаа зогсооно гэж бид найдаж байна” хэмээн Ван Вэньбинь ярьжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй Хятадын компаниудад хязгаарлалтын арга хэмжээ авах шийдвэрийг Цагаан ордон ойрын хугацаанд гаргана хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ням гарагт мэдэгдсэн байна. Эдгээр компани дунд “TikTok”, “WeChat” зэрэг нийгмийн сүлжээнүүд багтсан бөгөөд Хятадын Коммунист намд мэдээлэл шууд дамжуулж байна гэж АНУ үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.