Г.Занданшатар: Үндсэн хуулийн 6.2 заалтаар гадныханд газар нутгаа зарах гэж байна гэх мэдээлэл үндэслэлгүй
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Улмаар энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дагаж, мөрдөж байгаа билээ. Харин олон нийтийн зүгээс тус хуулийн хэсэгт "Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан нь гадны иргэдэд газар нутгаа зарах боломжийг нээж өглөө хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон МАН-ын бүлгийн зүгээс Төрийн ордонд бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтыг тайлбарлах нь зөв байх. Төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар тодруулсан гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлана гэж. Алсын хараа гэж баталлаа, ард түмэндээ өгөөжтэй бодлого хэрэгжүүлнэ гэж заалаа. Одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна. Энэ нь уул, ус болон байгаль дэлхийдээ хохиролгүй байна гэсэн үг. Үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үедээ шударга тэгш хүртээнэ гэж заасан. Зөвхөн хэсэг бүлэг, цөөн хүн үр өгөөжийг нь хүртэх биш нийт ард түмэндээ хүтээмжтэй байхад чиглэнэ гэдэг агуулгыг хуульчилсан юм. Энэхүү агуулгаар бусад холбогдох хууль нь өөрчлөгдөх учиртай. Одоо боловсруулалтын шатандаа явна. Төрийн нийтийн өмч гэдгийг айхтар буруу зүйл гэж бодоод байна. Гадныханд газар зарах гэж байна гэсэн ташаа, худал мэдээлэл тарааж байгаа юм. Үүнийг бид ТЕГ, ЦЕГ болон хуулийн байгууллагаар шалгуулсан. Тийм мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Төрийн нийтийн өмчийг хэн нэг нь санаанаасаа зохиосон юм биш. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэхэд гарсан үг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.